Шууд Chart

Масктай Монгол буюу төрөөс эрүүл мэндээ нэхэе

2014-01-16 09:21:05

Нэгэн цаг үед азийн цагаан дагина гэгдэж явсан Улаанбаатар хот өдгөө гамшгийн түвшинд хэдийн хүрлээ. Учир нь Монгол Улс агаарын бохирдлоороо дэлхийд толгой цохих болсон талаар ДЭМБ зүгээс удаа дараа анхааруулан манай Засгийн газарт зөвлөмж өгсөөр байна. Дайны нөхцөл байдлаас илүүтэйгээр эрдэнэт хүний амь эрсэдсээр байгаа өнөө үед утаанаас үүдсэн нийслэлчүүдийн эрүүл мэндийн асуудал ноцтойгоор зөрчигдөж байгааг энд өгүүлэх гэсэн юм.

Өнөөдөр утаа хэнд ашигтай вэ, утаанаас өнөөдөр хэн хожиж байна вэ? Энэ асуултын хариултыг Улаанбаатар хотын иргэд хүлээх шаардлагагүйгээр мэдэх болсон нь хэнд ч нууц биш билээ. Жилийн жилд утааг бууруулах гэж төсвөөс тэрбум тэрбумаар мөнгө санхүүжилт батлуулж авдаг холбогдох газруудын ажлын үр дүнг нийслэлчүүд өнөөдөр өөрийн эрүүл мэндээ золин байж амсаж байна. Үр дүнд нь хуруу дарам цөөн эрхтэн дархтангууд хагартлаа баяжиж, зарим нэг нь хуулийн байгууллагад шалгагдах болсон.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийнхөө дэргэд агаарын бохирдолтой тэмцэх ажлын хэсэг байгуулан ажилласан ч үр дүнгээ өгч чадалгүй, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн бүтцэд шилжүүлэн өгсөн. Төр засгаас өнгөрсөн хугацаанд агаарын бохирдол, утааг бууруулах ажлын хүрээнд нийтдээ 200 тэрбум төгрөг зарцуулсан байх юм. Үүний үргэлжлэл болгож 2014 онд 20 тэрбум төгрөгийг мөн утаанд зориулан баталж, төсөвт суулгаж өгчээ. Төрийн түшээд утаанд мөнгө зориулж байх хооронд нийт хүн амын 10 хүн тутмын нэг нь утаанаас бий болсон ямар нэгэн өвчлөлөөр хорвоог цаг бусаар орхиж байгааг ДЭМБ-аас онцлон анхааруулсан байх юм. Шинээр мэндэлж буй нярай хүүхэд бүр ямар нэгэн өвчлөл, эмгэг согогтой төрж байхад, зарим нэг хүүхэд ургийн хөгжлийн явцад хорвоотой танилцаж амжилгүй эхийн хэвлийдээ эрүүл бойжиж гүйцэлгүй эндэж байна.
Өдгөө зөвхөн нийслэлийн иргэдээс эрүүл хүнийг олно гэвэл өвсөн дотроос зүү эрэхтэй адил болох биз.
 
Тайван байдалд эрүүл хүн нэг минутад 8-10 литр, нэг цагт 500-600 литр, хоногт 1200-1400 литр хүчилтөрөгчөөр амьсгалж байх ёстой. Энэ эрх өнөөдөр хэдийнээ ноцтойгоор зөрчигдсөн. Тиймээс өнөөгийн утааны голомтод сурч, ажиллаж, амьдарч байгаа Улаанбаатар хотын уугуул, суугуул, явуул бүхий л иргэд хортой нөхцөлд ажиллаж байгаа хүнээс ялгаагүй нэгэн болсон. Тэд хортой нөхцөлд ажиллаж буй хүний нэгэн адил хортой нөхцлийн нэмэгдэл гэгчийг төрөөс үнэхгүй хүртэх эрхтэй. Энэхүү эрхийг  төр хангаж, Засгийн газар ямар ч тайлбаргүйгээр хэрэгжүүлэх учиртай билээ. Тэр ч утгаараа нийслэлийн иргэдийг нано технологитой амны хаалтаар утааны улирал дуустал үнэгүй хангах шаардлагатай байгааг хүн бүхэн ярьж, хэлж байна. Түүнчлэн хортой нөхцөлд олгогддог сүүн сүүн бүтээгдэхүүн, түүнтэй дүйцэх хэмжээний мөнгөн төлбөрийг өнөөгийн төрд ямар улс төрийн хүчин байгаагаас үл хамааран “ТӨР” нийслэлийн иргэдийн дансруу өдөр өдрөөр юм уу, сар сараар нь шилжүүлэх үүргийг хүлээх нь зүй юм. Үүнд нэг их сүртэй толгойгоо гашилган тоо, судалгаа бодож сүржигнэх хэрэггүй бизээ.
Өнөөх сүр бараатай сүржигнэн улс төр хийдэг иргэний нийгмийн байгууллага, байгаль орчны зөвлөл, эрүүл мэндийн төрийн бус байгууллагууд өнөөдөр яагаад иргэдийн дуу хоолой болж төрөөс утаанаас болж хохирч байгаа эрүүл мэндийн нөхөн олговрын асуудлыг хөндөж ярихгүй байна вэ? Үүнийг тэднээс зориуд асуумаар санагдаж байна. Яагаад зөвхөн энэ асуудлыг барьж тууштай дуугарч, тэмцэхгүй байна вэ? Тэд энэ асуултад хариулаасай...
 
Монголыг ирээдүйд авч явах хүүхдүүд сэтгэн бодох чадвараа алдаж байна гэвэл та итгэх үү. Эргэлзэх хэрэггүй, энэ гашуун ч гэсэн туйлын эмгэнэлтэй үнэн билээ. Энэ талаар утааны улиралд Улаанбаатар хотод ирээд буцсан Нобелийн шагналт эрдэмтэн Кирк Смит “утааны улмаас хүүхдийн сэтгэн бодох чадвар мууддаг” хэмээн онцлон анхааруулж хэлсэн байдаг.
Удахгүй 3 сая хүрэх гэж буй Монгол Улсын нийт хүн амын 41.1 хувь нь Улаанбаатар хотод чихцэлдэн, шахцалдан байж амьдарч байна. Тэдний 61.8 хувь нь өнөөдрийн утааг үйлдвэрлэж байна. Үүнд хэн буруутай юм, төр буруутай. Учир нь утаа үйлдвэрлэгч яндангийн тоо буурч байх ёстой атал түүнийг нэмэгдүүлэх үйлсэд төсөл нэрийдлээр шахаж буй зууханд төсөв баталж өөгшүүлдгээрээ төр буруутай юм. Өөрөөр хэлбэл жил тутамд Улаанбаатар хотод 10.000 утаа үйлдвэрлэгч яндан нэмэгддэг тухай албан ёсны судалгаа өнөөдөр байна. Мөн төслийн зуухнаас болж Чингэлтэй дүүргийн 17 хорооны нэгэн айлын зуух дэлбэрч хүргэн хүү нь газар дээрээ амиа алдаж, хадам аав нь жирэмсэн охин,  зээтэйгээ түлэгдэж бэртээд үлдсэн баримт ч бий. Цаашид хичнээн айлын зуух дэлбэрэхийг таашгүй юм.
 
Эрүүл мэндийн шинжлэх ухаанд утаа буюу агаарын бохирдлоос үүдсэн хүний эрүүл мэндийг үзүүлэх нөлөөллөөр нь хурц ба архаг гэж хоёр ангилдаг ажээ. Тухайлбал, хурц нөлөөлөл гэдэг нь агаар  бохирдуулж байгаа хорт бодисын хольцууд нь /концентрацаар/ өндөр идэвхээр богино хугацаанд хүн, амьтан, ургамлын амьдрах үйл ажиллагаанд хорт нөлөө үзүүлэхийг хэлдэг бол архаг нөлөөлөл гэдэг нь агаар мандалд байгаа хорт бодисууд бага идэвхээр  удаан хугацааны турш хүн, амьтан, ургамлын амьдрах үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхийг хэлдэг юм байна. Түүнчлэн архаг нөлөөллийг өвөрмөц ба өвөрмөц бус архаг нөлөөлөл гэж бас хоёр ангилдаг. Өвөрмөц архаг нөлөөлөл нь хорт бодис байдаг бөгөөд дангаараа тодорхой эрхтэн системийг гэмтээж бие даасан өвчин үүсгэдэг / тоосжилт/ аж. Өвөрмөц бус архаг нөлөөлөл нь хорт хольцуудын ямар нэг өвчнийг сэдрээх хүчин зүйлийг бий болгох чадалтай нөлөөлөл байдаг юм байна. Энэ мэт утаанаас үүдсэн эрүүл мэндийн хохирлын наад захын шинж чанарыг дурдахад ийм байна. Цааш нь бичээд байвал өвчин, эмгэг бүрээр задраад явах эрүүл мэндийн шинжлэх ухааны олон тайлбар бий.
 
Сүүлийн жилүүдэд хүний нүүр, царай, дүр төрх эрчимтэй өөрчлөгдөж байгааг эрүү, нүүр, амны судлалын эрдэмтэд утаатай холбон тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл эрүү, нүүр амны гажиг, согогтой нярай хүүхэд төрөх болсныг анагаахын шинжлэх ухааны судлаачид баримт хөндөн ярих боллоо.
 
Ойрын өдрүүдэд нийслэлийн иргэд өөрсдийнхөө эрүүл мэндийн нөхөн олгворын талаар асуудал хөндөж, төрөөс зохих ёсныхоо шийдлүүдийг хуульчлан гаргуулж авна гэдэгт итгэлтэй байна.
 
Эцэст нь хэлэхэд өнөөдөр Улаанбаатар хотод хэн эрүүл байна гэвэл өмнөд зүгт буй хоёр гүүрний цаана оршин суудаг эрхтэн дархтан, баячуудын гэр бүл, тэдний үр хүүхдүүд л эрүүл саруул байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.
 
Харин хоёр гүүрнээс нааших иргэд бүгд утаанаас үүдсэн өвчин, эмгэгтэй. Хамгийн гол нь тэд бүгд ээлж дараалан хорвоог цаг бусаар орхисоор одож байгаа эмгэнэлтэй хувь заяатайгаа эвлэрэн амьдарсаар байна...
Энэхүү өрөвдмөөр хувь заяатай “эмгэнэлт” төгсгөл бий гэдэгт хотын иргэд итгэхийг хүснэм.

Масктай Монгол буюу төрөөс эрүүл мэндээ нэхэе  
Үзсэн: 5198 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
27.123.213.xxx [27.123.213.xxx] 2014-01-19 12:46
Тэр төр гэдэг чинь тосонд дэвтээсэн тоосго, хуучин дугуй энэ тэр шатаагаад, хэрэгцээгүй атлаа нэг нэг машин унаад утааг ихэсгээд байгаа юм биш. Энэ утааг ганц төр шийддэггүй юм. Иргэн бүрийн оролцоо ялангуяа гэр хорооллын айлууд үүнд асар их үүрэгтэй. Төр үүнийг төмөр нүүр гарган шийдэж чадах уу гэвэл чадна. Нүүрс түлдэг нь хотоос гар, хувийн унаагаар бус нийтийн тээврээр зааавал үйлчлүүлэх захирамж гаргахад л болно шүү дээ. Үнэн биш гэж үү??? ккк
124.158.94.xxx [124.158.94.xxx] 2014-01-16 15:03
ёоо. үнэхээр утаанаас болж өвөлжингөө өвчин ээрдэг болж байх шиг байна. Хүүхдүүд минь л хэцүү юмдаа
103.26.193.xxx [103.26.194.xxx] 2014-01-16 14:04
мөн яриваа 50-60 аад оны үед нэг удаагийн шприц гэж бараг дэлхийн бүх оронд байгаагүйдээ бараг л бүх орон шприцийг буцалган ариутгаж хэргэлдэг байсан юм даа
103.26.193.xxx [103.26.194.xxx] 2014-01-16 14:00
Зарчимын хувьд зөв санаа байна гэхдээ 1990 оноос хойш УБ хотод шилжин суурьшсн иргэдээс татвар авч 1990 оноос өмнө орж ирсэн иргэдэд өгөх хэрэгтэй
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-01-16 13:55
Ene asuudlaar Uls turiin shiidver gargax uchirtai xumuusiinx ni ger oron bugd utaanii gaduur uulin am sav ali tsengeg agaartai gesen gazart ni baidag baina. Ugaartuulaad suuj baigaa ni unuux l amidraliin bolomjgui yaduus. Ter chimeegeer xulduj uxexguin tuld nuurs tulseer suuna. Er ni shiidver gargagchid bugd niigmiin xund berxsheeltei buxnii gaduur amidardag bolson baina. Ene chuxal asuudal xundjee Tsuxruktgui bicheed baix l xeregtei.G.Zoljargal.
211.206.88.xxx [211.206.88.xxx] 2014-01-16 10:54
utaanaasaach salj chadahgui baij ene heden bidnii deer garaad suuchihsan teneguud end tend ochij dandaa tom tom hutsaj yavnaa.
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-01-16 10:50
Тиймээ, төрөөс эрүүл мэндийнхээ нөхөн олговор, төлбөрийг нэхэх цаг нь болсон. Улс төржөөд байдаг хөдөлгөөнүүд хаачив. Та нар энэ асуудлаар олон нийтийн хөдөлгөөнийг зохион байгуулж төрөөс нөхөн төлбөр гаргуулах асуудлаар тайван жагсаал, цуглаан, хэлэлцүүлэг зохион байгуулаач, тэгвэл ард олны сэтгэлд хүрсэн ажил болох бус уу? Бүгдээр хөдлөе, хөдлөх цаг нь болжээ...
182.160.2.xxx [182.160.2.xxx] 2014-01-16 09:59
Яг зөв. Уушгины эмгэг зүрх, тархийг эхэлж гэмтээж, эргэшгүй өөрчлөлтөнд хүргэж мэднэ
103.9.91.xxx [103.9.91.xxx] 2014-01-16 09:57
1950-1960-аад онд төрөгсөд халдварт шар, цахилгаан мэнэн гэх мэт өвчинд ихээхэн нэрвэгдсэний ул мөр одоо энэ олон хүний элэгний хавдар өвчин зэргээр илэрч байна. анагаахын салбар өөрөө ард түмэндээ халдвар тараасан, түүний цаана төр буруутай. тэгэхээр төр энэ бүхний төлөө нөхөн олговор олгох ёстой. Батгүр сэтгүүлч сайн бичжээ. баяр хүргэе!
103.9.91.xxx [103.9.91.xxx] 2014-01-16 09:53
Ёстой зөв. Монголын төр агаарын бохирдолтой тэмцэх нэрийдлээр хэдхэн хүний түрийвчийг зузаатгадгаа боливол таарна. Төр зөвхөн бохир агаарын нөхөн төлбөр төдийгүй халдварт шар мэтийн өвчний эсрэг нэг удаагийн тариур бус, чанаж буцалгадаг тариур хэрэглүүлж 5-60-аад онд төрсөн монголчуудаа элэгний өвчнөөр хорвоог орхих нөхцөл бүрдүүлснийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой.

Бидэнтэй нэгдээрэй