
Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы барилга угсралтын ажил 95 хувьтай үргэлжилж байна.
Түшиц хананы ажлыг сургууль, цэцэрлэг орохоос өмнө наймдугаар сарын 20-ны дотор дуусгах үүрэг чиглэлийг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай ажил гүйцэтгэгч нарт өнөөдөр өгч, байршил дээр нь ажиллалаа.
Сэлбийн үерийн хамгаалалтын далангийн ажлыг “Билгүүн Монгол констракшн” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг тавьж ажиллаж байна.
Уг 1.4 км урт, 4-4.5 метр өндөр, төмөр бетонон хийцтэй түшиц хана барих ажлыг өнгөрсөн оны зургаадугаар сарын 20-ноос эхлүүлсэн юм.
Өнөөдрийн байдлаар түшиц хананаас 70 орчим метр угсралт шугам сүлжээний ажлаас шалтгаалж түр хүлээгдэж байгаа бөгөөд голын голдирол тохируулах ажил, бэхэлгээний ажлууд хийгдэж байна.
“Билгүүн Монгол констракшн” ХХК-ийн ажлын гэрээ 2026 оны нэгдүгээр сард дуусах боловч наймдугаар сард багтааж ажлаа дуусгахаар төлөвлөж байгааг тус компанийн менежер Р.Дамба хэллээ.
Голын голдирол тохируулахад баруун талаараа 3 метр, зүүн талаараа 3 метрийн чулуун бэхэлгээ барьж, голдирол дотроо 50 см зузаантай чулуун бэхэлгээгээр малгайлна. Мөн түшиц хананы өндрийг нарийвчлан тэгшилж, чулуун хавтан хийх ажлыг ирэх долоо хоногт эхлүүлэх аж. Түшиц хананы ажил дууссаны дараа тохижилтын ажлыг холбогдох хариуцсан газрууд нь гүйцэтгэнэ. Энэ хүрээнд хоёр талаараа Сэлбийн эргээ дагасан 2 метр 50 см өргөнтэй явган хүний замыг төлөвлөж байгаа. Явган зам металл хашлагатай чулуугаар хийгдэнэ.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай сургууль, цэцэрлэг орохоос өмнө буюу наймдугаар сарын 20-ны дотор Сэлбийн түшиц ханыг барьж дуусгах үүргийг гүйцэтгэгч “Билгүүн Монгол констракшн” ХХК-д өглөө. “Билгүүн Монгол констракшн” ХХК-ийн зүгээс ажил гүйцэтгэхэд шугам сүлжээний ажлууд, татаж авсан кабелиудаа буцаан булах зэрэг ажилд л хугацаа их орж байна. Үерийн усны гол шугам угсралтын ажил мөн баруун талын түшиц хананы хажууд хийгдэж байгаа учраас ухалтууд хийсэн. Энэ мэт байдлаас шалтгаалж ажил гүйцэтгэх явцад барилгын нөхцөл байдал янз бүрээр харагддаг гэдгийг ойлгосой гэж хэллээ. Түүнчлэн Сэлбэ голын үерийн хамгаалалтын далан барих ажлын бэлтгэл болгож өнгөрсөн онд уг 700 метр талбайд 3000 гаруй метр куб лаг хагшаасыг бүрэн цэвэрлэжээ.
Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана барих ажлыг наймдугаар сарын 20-нд дуусгана | ||
Үзсэн: 482 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.