
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төв нь орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх, тэднийг бие даасан амьдралд шилжихэд дэмжих зорилготой. Тус төвийн 2368.8 метр квадрат бүхий 200 хүн хүлээн авах хүчин чадалтай дөрвөн давхар шинэ барилга нь “Сургалт хүмүүжлийн цогцолбор төв” нэртэйгээр БЗД-ийн 20 дугаар хороо, Майхантын аманд баригдаж буй бөгөөд есдүгээр сард ашиглалтад орох юм.
Энэ хүрээнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.
Л.Хосбаяр “Нийгмийн хамгааллын тусгай төвийн шинэ барилгын гэрээ 2021 оны арванхоёрдугаар сард хийгдэж шав тавьсан хэдий ч 2023 оны аравдугаар сар хүртэл зогсонги байдалд орсон байсан. Нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай хүмүүсийн орон гэрийн асуудлыг шийдэх, нийгэмшүүлэхэд тус барилга нэн шаардлагатай байсан учраас тухайн үед төсөв, санхүүг шийдэж 2024 оны долоодугаар сард ашиглалтад оруулах дахин гэрээ хийсэн боловч тус барилга одоогоор ашиглалтад ороогүй байна. Тиймд төлөвлөсөн хугацаанаас нэг жилийн хоцрогдолтой байгаа энэхүү төслийн явцыг хянахаар ажиллаж байна” гэлээ.
“Тэмээн” ХХК-ийн захирал С.Ганболд “Төслийн хувьд цар тахал, үер усны аюул, материалын зөрүү зэрэг асуудлаас үүдэн удаашралтай байсан. Харин өнөөөдрийн байдлаар барилга угсралтын ажил асуудалгүй үргэлжилж байгаа бөгөөд дотоод хана заслын ажил 90 хувьтай буюу ерөнхийдөө дууссан. Гэрэлтүүлэг, хаалга, паркетан шал зэрэг нэмэлт ажлууд үлдсэн учраас хүйтний улирлаас өмнө есдүгээр сард ашиглалтад оруулах боломжтой” гэв.
Нийгмийн хамгааллын тусгай төвийн дарга Ш.Мөнхцэцэг “Манай байгууллага нь НЗД-ын чиг үүрэг хэрэгжүүлэгч харьяа газар юм. СХД-ийн Ханын материалд 150 хүнийг хүлээж авах хүчин чадалтай нэг байр маань хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна. Харин энэхүү шинэ барилга ашиглалтад орсноор орон гэргүй байгаа зорилтот бүлгийн 200 хүнийг нэмж хүлээн авах боломжтой болно. Ингэснээр хорих ангиас олон жилийн ял эдэлж, суллагдсан иргэн, насанд хүрч хүүхдийн асрамжаас гарсан, албадан эмчилгээнээс гарч, орон гэргүй болсон иргэн зэрэг эмзэг бүлгийн иргэдийг хөдөлмөрөөр дамжуулж нийгэмшүүлэх, үйлдвэрлэлд чиглэсэн үйл ажиллагаа явуулж, иргэдийг ажлын байраар дэмжих, орлогын их үүсвэрийг бий болгох боломж бүрдэх юм” гэлээ.
Нийгмийн хамгааллын тусгай төвийн ТХХЭ, олон нийттэй харилцах ажилтан Э.Пүрэвсүрэн “Манай төвийн Ханын материал дахь байранд бүх үйлчлүүлэгч нэг дор байрладаг. Харин шинэ байрны хувьд олон улсын стандартын дагуу төлөвлөж, нэг хүнд хамгийн багадаа 3 метр квадрат газрыг ноогдуулж өгсөн. Мөн эмэгтэй, эрэгтэй үйлчлүүлэгдчийг өөр, өөр давхарт байрлуулах, асрамжийн газраас гарсан иргэдийг тусад нь гэр болон канад хаусанд байрлуулах гэх мэт чухал зохицуулалтыг төлөвлөж байна. Мөн хотоос зайдуу учраас энэхүү орчиндоо хөдөлмөр эрхэлж, орлого олж, хуримтлал үүсгэх зорилгын хүрээнд оёдлын цех, мод үржүүлэг, хүлэмжийн нарийн ногооны аж ахуйн тоног төхөөрөмжийг шийдсэн. Үүнээс гадна номын сан, спорт заал ч мөн төлөвлөгдөөд баригдаж байна” гэв.
Нийслэлийн Засаг даргын чиг үүргийн хамгийн чухалд орон гэргүй, эмзэг бүлгийн иргэдийг нийгэмшүүлэх, донтох эмгэгтэй хүнийг эмчилж, хөдөлмөрийн чадамжтай болгох зэрэг нь тооцогддог. Тиймд эдгээр иргэдийг насан туршид нь тус байранд амьдруулах бус дээд тал нь 2-3 жилийн дотор нийгэмд гаргах зорилготойгоор ашиглалтад оруулж байна гэдгийг нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр хэллээ.
Эмзэг бүлгийн 200 хүнийг хүлээн авах Нийгмийн хамгааллын тусгай төвийг есдүгээр сард ашиглалтад оруулна | ||
Үзсэн: 474 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.