Шууд Chart

Дональд Трамп, Ши Жиньпин нар утсаар ярилаа

2018-11-02 10:10:07

АНУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нар худалдааны болон Умард Солонгосын асуудлаар утсаар ярьж, энэ яриа нааштай боллоо гэж мэдэгдэж байна. Хоёр улсын хувьд одоогоор худалдааны асуудлаар зөрчил маргаантай байгаа юм.

Харин өчигдөр утсаар ярьсныхаа дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Хятадын дарга Ши Жиньпинтэй маш нааштай, удаан ярилцлаа” хэмээн твиттер хуудсандаа бичжээ. Мөн “Худалдааны асуудалд төвлөрч ярилцсанаас гадна Умард Солонгосын талаар ч нааштай яриа хийж олон асуудлаар санал солилцсон нь эерэг таатай өнгө аястай боллоо” гэсэн байна.

Үүнээс гадна Хятадын дарга Ши Жиньпинтэй 11 дүгээр сард Аргентинд болох "Их 20" улсын дээд хэмжээний уулзалтын үеэр уулзахаар төлөвлөснийг ч мэдэгджээ.

Хятадын төрийн мэдлийн "Синьхуа" агентлаг “Ши Жиньпин дарга энэ удаагийн яриаг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай харилцаагаа сайжруулах гол алхам боллоо хэмээн дүгнэж байна” гэж мэдээлсэн байна.

Мөн “Ши Жиньпин "Их 20"-ийн уулзалтын үеэр Трамптай уулзаж, хоёр талын харилцаа, бусад чухал асуудлуудаар хэлэлцэхээр бэлтгэж байна” гэжээ. Хоёр улсын төрийн тэргүүн өчигдөр утсаар нааштай өнгө аястай яриа хийсэн гэж тэмдэглэж байгаа ч худалдааны зөрчил маргаанаа шийдвэрлэх талаар ахиц гаргасан эсэх нь тодорхойгүй хэвээр байна гэж хэвлэлүүд бичиж байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Дональд Трамп, Ши Жиньпин нар утсаар ярилаа   
Үзсэн: 604 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй