Шууд Chart

Бразил улс Элчин сайдын яамаа Иерусалемд байгуулна

2018-11-02 14:05:23

Бразил улс Элчин сайдын яамаа нүүлгэж, Иерусалемд байгуулна. Бразилын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Жайр Болсонору сонгуулийн амлалтаа биелүүлж ийм шийдвэр гаргаж байгаагаа "твиттер" хуудсандаа бичсэн байна.

Ингэснээр Бразил улс Иерусалемд Элчин сайдын яамаа байгуулах гурав дахь улс болох юм гэдгийг хэвлэлүүд сануулж байна. Үүнээс өмнө АНУ, Гватемал Элчин сайдын яам, Консулын газраа энэ хотод шилжүүлсэн. 

Болсонару твиттер хуудсандаа “Израиль бол бие даасан тусгаар улс. Бид үүнийг зохих ёсоор хүндэтгэж үзнэ” гэсэн байна. Гэхдээ тэрбээр энэ шийдвэрийнхээ дараа Рио Де Жанерод болсон хэвлэлийн хурал дээр Арабын ертөнцтэй маргалдаж зөрчилдөхийг хүсэхгүй гэдгээ илэрхийлснээс гадна "Бид Израиль, Арабын ертөнцийн аль алинд хүндэтгэлтэй ханддаг" гэж хэлсэн байна.

Жайр Болсонару Элчин сайдын яамаа шилжүүлж нүүлгэх тухай төлөвлөгөөгөө анх удаа мэдэгдэж буй нь энэ юм. Түүний энэ шийдвэрийг Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяаху талархан хүлээн авч, баяр хүргэсэн байна. Мөн “Маш зөв, түүхэн шийдвэр боллоо” гэжээ.

Харин АНУ дахь Бразилын Элчин сайд асан Рубенс Барбоса “Ийм шийдвэр Ойрхи Дорнод дахь Бразилын экспортод хохирол учруулж, жил бүр Арабын улсуудад нийлүүлдэг 6 тэрбум долларын шувууны аж ахуйн худалдаанаас шахагдаж болзошгүй” гэж анхааруулсан байна.

Одоогоор зүүн Иерусалем нь Израиль, Палестины маргаантай газар нутаг хэвээр байгаа юм. 1967 онд болсон зургаан өдрийн дайнаар Израильд эзлэгдсэн Зүүн Иерусалемийг Палестинчууд улс орных нь нийслэл байх болно гэж үздэг бол Израиль энэ хотыг бүхэлд нь шашны гол төв, мөнхийн нийслэл гэж тайлбарладаг юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Бразил улс Элчин сайдын яамаа Иерусалемд байгуулна   
Үзсэн: 683 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй