Шууд Chart

"Морин хуурын чуулга" Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл хүртлээ

2018-11-02 16:35:03

Монгол Улсын "Морин хуурын чуулга" Япон улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл хүртлээ.

Японы Гадаад хэргийн сайдын өргөмжлөлийг "Морин хуурын чуулга"-д гардуулах ёслолын арга хэмжээ өчигдөр Монгол Улс дахь Японы Элчин сайдын яамны байранд боллоо.

Ёслолын арга хэмжээг нээж, Япон улсаас Монголд суугаа Элчин сайд Масато Такаока үг хэлж, өргөмжлөлийг "Морин хуурын чуулга"-ын ерөнхий удирдаач Д.Түвшинсайханд гардуулсан юм. 

"Монгол аялгуу", "Уулын горхи" болон "Зүрхний анд" хэмээх алдарт япон дууны айзамд хөвсөн ёслолд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, Ерөнхий сайд асан Д.Содном, Монгол Улсын Филармонийн дарга Ж.Даваасүрэн, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, Япон дахь Монгол Улсын соёлын элч Сато Нарико,  Ардын жүжигчин Д.Ухнаа, Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж тэргүүтэй хүндтэй зочид уригдан ирсэн байв.

"Морин хуурын чуулга" Японд анхны тоглолтоо хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд буюу 1997 онд толилуулж байжээ. Түүнээс хойш 21 жилийн хугацаанд 35 удаа Японд айлчлан тоглолт хийсэн байна. Чуулгын уран бүтээлчдийн 2016 онд байгалийн гамшиг тохиолдсон Фүкүшима мужид хийсэн тоглолт Японы Зүүн хойд нутгийн ард түмэнд халуун сэтгэлийн дэм өгсөн гэдгийг Элчин сайд онцолсон юм.

Хүрэлцэн ирсэн олон зочин энэ үеэр Монголын соёл, хөгжмийн урлагийн нэрт зүтгэлтэн, "Морин хуурын чуулга"-ын үүсгэн байгуулагч, уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач Цэндийн Батчулуун агсны гавьяаг дурсан, талархал илэрхийлж байв. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Морин хуурын чуулга" Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл хүртлээ  
Үзсэн: 776 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй