
Сири дэх исламист дайтагчдын олзонд гурван жил гаруй хугацааг өнгөрүүлсэн Японы сэтгүүлч эх орондоо эргэж очсоноосоо хойш анх удаа хэвлэлийн бага хурал хийж, өөрийг нь суллуулахад хүчин зүтгэсэн бүх хүнд баярлаж талархаж байгаагаа илэрхийлжээ.
Юмпей Ясуда Японы үндэсний мэдээллийн төвд хийлгэсэн хэвлэлийн хурлынхаа үеэр ийм мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр өнгөрсөн сард суллагдсан юм. Чөлөөт сэтгүүлчээр ажилладаг Ясуда 2015 оны зургаадугаар сард иргэний дайныг өөрийн биеэр үзэж сурвалжлах зорилгоор Сирид очсоноосоо хойш сураггүй болжээ.
Өөрөөс нь болж Япон улсын Засгийн газар хүртэл асуудалд оролцоход хүрсний төлөө Ясуда бас уучлалт эрсэн байна. Өөрт нь тохиолдсон болгоны төлөө зөвхөн өөрөө л хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаагаа тэр мөн дурджээ.
Сүүлд Сирийн Засгийн газрын эсрэг хүчний хяналтад орсон Сирийн баруун хойд талын Идлиб мужид хүмүүс нь яаж амьдарч байгааг нүдээрээ үзэх хүсэлтэй явсан гэдгээ Ясуда бас дурдсан байна. Түүнийг суллуулахад Катар болон Турк улс тусласан гэж Японы Засгийн газар мэдэгдэж байсан.
Үүний сацуу Юмпей Ясудаг суллуулахын тулд маш их хэмжээний мөнгө төлсөн гэж “Сирийн хүний эрхэд хяналт тавих төв” хэмээх байгууллагынхан нотолдог байна.
Дашрамд дурдахад, Ясуда бол Ойрхи Дорнодын орнуудад исламист дайтагчдад олзлогдсон анхны япон хүн биш. 2004 онд гурван япон хүнийг барьцаанаас суллуулж байсан бол 2015 онд “Исламын улс” бүлгийн алан хядагчид Японы нэг сэтгүүлчийг, түүнд туслахаар хүрч очсон нэг нөхрийнх нь хамт цаазалсан юм.
Сири дэх исламист дайтагчдын олзонд 3 жил гаруй байсан Японы сэтгүүлч хэвлэлийн хурал хийлээ | ||
Үзсэн: 4155 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.