
АНУ Иранд урьд өмнөхөөс хатуу хориг тавина гэж мэдэгдэж байгаа бол Ираны ард иргэд энэ хоригийг эсэргүүцэн АНУ-ын туг далбааг шатаажээ. АНУ, Иран болон бусад зургаан улстай байгуулсан цөмийн гэрээнээс гарч байгаагаа зарлаж, Иранд эдийн засгийн хориг арга хэмжээгээ сэргээсэн.
Хоёр шатны хориг шахалт энэ сарын 4-ний өдрөөс хэрэгжинэ гэж байсан ч хоригийг өнөөдрөөс буюу 11 дүгээр сарын 5-наас хэрэгжүүлнэ гэж АНУ-ын засаг захиргаанаас мэдэгдээд байна. Ням гарагт энэ тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “Терроризмыг хамгийн ихээр санхүүжүүлдэг Иран улсыг өөрчлөхийн тулд тус улсад урьд өмнө авч байгаагүй том арга хэмжээ авна” гэж хэлжээ. Түүний хэлснээр АНУ, Ирантай газрын тосны арилжаагаа багасгаад байгаа улсуудад мөн импортоо бүрэн зогсоох хүртэл нь 180 хоногийн хугацаа өгч байна.
Харин шинэ хориг нь Ираны газрын тосны салбараас гадна санхүүгийн салбарыг хамарсан хориг байна. Үүнд, Ирантай холбоотой ажилладаг 700 орчим байгууллага, албаны хүн багтах юм байна.
Ираны дотоодод Америкийн эсрэг үзэл хандлага эрчээ авч, ард иргэд нь эсэргүүцлээ илэрхийлж байна. Хүмүүс Америкийн шинэ хоригийг эсэргүүцэж жагссанаас гадна Тегеранд байсан АНУ-ын Элчин сайдын яамыг бүсэлсэн 1979 оны үйл явдлыг жил бүрийн 11 дүгээр сарын 4-нд тэмдэглэдэг заншлын дагуу гудамж, талбайд цуглацгаажээ.
Энэ үеэр иранчууд АНУ-ыг хурцаар шүүмжилж, Америкийн хуучин Элчин сайдын яамны гадаа туг далбааг нь, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зургийг шатааж байжээ.
Мөн Ираны цэргийн командлагч, генерал Мохамед Аль Жафари “Иран улс Америкийн талаас өдөөсөн дайнд ялалт байгуулна” гэж хэлжээ. Ираны талаас даваа гарагаас эхлэн хоёр өдрийн агаарын цэргийн сургуулилт хийнэ гэж мэдэгдсэн байна.
АНУ Иранд урьд өмнөхөөс хатуу хориг тавина гэж мэдэгдэв | ||
Үзсэн: 581 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.