Шууд Chart

Иргэд бензиний үнэ, долларын ханшийн өсөлтийг эсэргүүцэж жагсав

2018-11-05 15:46:30

Балжинням, Дашнямтай өдөр гэдэг шиг нийслэлийн иргэдийн хувьд өнөөдөр жагсаал цуглаан давхацсан өдөр байлаа. Учир нь ам.долларын ханш, шатахууны үнэ өссөнийг эсэргүүцсэн иргэд өнөөдөр тал талд жагссан юм. Тухайлбал, бензиний үнийн өсөлтийг эсэргүүцэн зарим жолооч өнөөдрөөс эхлэн таван өдөр Төрийн ордныг тойрсон автозамаар тайван жагсаал хийнэ гэдгээ мэдэгдээд байсан. Тэгвэл тус жагсаал өнөөдөр 08:00-11:00 цагийн хооронд боллоо.

Тодруулбал, тус 300 машины жагсаалыг зохион байгуулагчид шатахууны үнэ нэмэгдсэнийг эсэргүүцэж, жагсаал хийх хүсэлт Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт гаргаж, холбогдох албан тушаалтнаас зөвшөөрөл авчээ. Жагсаалд оролцсон жолооч нар “Ард түмний ядуурал бензиний үнэ”, “Шатахууны үнийг 1500 төгрөгт тогтоон барь”, “Шатахууны үнийг барихгүй байгаа Засгийн газар огцор”, “Хоосон хэтэвч, шатахуунгүй машин бидний хэрэглээ гэж үү” зэрэг лоозон машиндаа наан жагсаалд оролцсон юм. “Машинтай жагсагч” нарын зүгээс "Шатахууны үнийг буулгах тал дээр дуу хоолойгоо илэрхийлэхгүй бол үнийн өсөлт зогсохгүй нь. Тиймээс машины дуут дохиогоо дуугаргаж, Төрийн ордонд суугаа түшээдэд бензиний үнийг эсэргүүцэж буйгаа илэрхийлнэ” гэв. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга жагсаалд оролцож буй жолооч нарыг хүлээн авч уулзахаар болсон хэмээн тус жагсаалыг зохион байгуулагч М.Орхонтуул цахим хаягаараа мэдэгдсэн.

Дээрх жагсаал өндөрлөсний ард ам.долларын ханшийн өсөлтийг эсэргүүцсэн зарим иргэн Монголбанкны байрны эсрэг талд тайван жагсаал хийлээ. Эл жагсаалд оролцсон иргэд “Өдөр ирэх тусам өсч буй ам.долларын ханш, түүнийг дагасан бензин шатахуун, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэд, бизнес эрхлэгчдэд дарамт учруулж байна. Тиймээс Монголбанкны удирлагад шаардлага хүргүүлнэ” гэв. Мөн тус жагсаалд оролцсон бизнес эрхлэгчид “Монгол Улс нийт хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ 90 хувийг гаднаас импортоор авдаг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт долоон тэрбум орчим долларын бараа, бүтээгдэхүүн импортолсон. Гэвч иргэд, аж ахуй нэгж ханшийн зөрүүнээс хамаарч дунджаар 3,5 их наяд төгрөгийн алдагдалд орсон. Иргэдийн худалдан авдаг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдөр ирэх тусам нэмэгдэж, алдагдал өссөөр байхад эрх баригчид ямар нэгэн тайлбар одоог хүртэл хийгээгүйд бухимдаж жагсаалд нэгдсэн” гэв.

Үүнээс гадна өнөөдөр УИХ-ыг тараахыг шаардсан иргэдийн тайван жагсаал төв талбайд болно гэсэн мэдээлэл гарсан ч манай сурвалжлах баг Сүхбаатарын талбайд 12:30 цагт очиход нэг ч жагсагч харагдсангүй.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Иргэд бензиний үнэ, долларын ханшийн өсөлтийг эсэргүүцэж жагсав   
Үзсэн: 754 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй