Шууд Chart

Салман бин Абдул-Азиз Аль Сауд орон нутгаараа 7 хоног айлчилна

2018-11-05 16:48:52

Сэтгүүлч Жамаль Хашоггийг хөнөөсөн хэргээс болж Саудын Арабын хэмжээгүй эрхт хаант улсад улстөрийн нэн эгзэгтэй хямрал нүүрлээд байгаа энэ үед тус улсын хаан Салман бин Абдул-Азиз Аль Сауд маргаашнаас орон нутгаараа долоо хоногийн айлчлалд мордох гэж байна.

Эдүгээ 82 настай хаантны хувьд энэ нь 2015 онд сэнтийд заларснаасаа хойш хийж байгаа анхны айлчлал гэдгийг орон нутгийн хэвлэлүүд нь уламжилж байна.

Кассим, Хэйл гэсэн нийслэл Эр-Риядаас баруун хойд чигт байдаг мужуудад айлчлах юм байна. Үүний зэрэгцээ хаантны хүү, Мухаммед бен Салман хунтайж маргаашнаас эхлэх айлчлалд оролцох эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Сарын өмнө Туркийн Стамбул хот дахь Саудын Арабын Консулын газарт сэтгүүлч Хашоггийг хөнөөсөн хэргийн улмаас Саудын Араб улс олон улсын хамтын нийгэмлэгийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байгаа үетэй энэ айлчлал давхцаж байна.

Эр-Рияд анхандаа сэтгүүлч сураггүй алга болсон хэрэгт холбоогүй гэж нотолж байсан боловч Туркийн эрх баригчдын хүчтэй шахалтын улмаас тухайн хэрэгт холбоотой 18 сэжигтнийг саатуулсан юм. Үүний зэрэгцээ Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Хашоггийг хөнөөх тушаалыг Саудын Арабын “Дээд хүрээнийхнээс” өгсөн гэж үзэж байгаагаа мэдэгдэж байгаа боловч хаан Салманыг энэ хэрэгт холбоотой гэж бодохгүй байгаагаа илэрхийлсэн юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Салман бин Абдул-Азиз Аль Сауд орон нутгаараа 7 хоног айлчилна   
Үзсэн: 804 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй