
Япончуудын дундах амиа хорлолт нийт дүнгээрээ сүүлийн 15 жил тасралтгүй буурсан эерэг үзүүлэлттэй байна. Гэвч хүүхэд, өсвөр үеийнхний дунд энэ үзэгдэл 30 жилийн дээд цэгтээ хүрч өссөн харуусалтай дүн гарлаа.
Японы Боловсролын яамнаас өнөөдөр зарласан судалгааны дүнгээс үзвэл тус улсад сүүлийн нэг жилийн дотор бага, дунд, ахлах ангийн нийт 250 сурагч амиа егүүтгэсэн байна.
Өнгөрсөн жил 245 хүүхэд ийм маягаар цаг бусаар хорвоог орхиж байжээ. Мөн энэ жилийнх 268 хүүхэд амиа егүүтгэж байсан 1986 оноос хойших хамгийн их тоо болсон байна.
Японы Боловсролын яамны түшмэл Норияки Китазаки “Сурагчдын дундах амиа хорлолт их байсаар байгаа нь тэмцэх ёстой түгшүүртэй асуудал мөн” гэдгийг онцолсон байна. Мөн энэ харуусалтай тоо буурах бус улам нэмэгдсээр байгаагийн цаад учир шалтгааныг тодорхойлоход амаргүй байгааг тэрбээр тэмдэглэжээ.
Энэ жил бүртгэгдсэн 250 тохиолдлын 33 нь цаашдын ирээдүйдээ түгшиж зовнисноос, 31 нь ар гэрийн асуудлаас шалтгаалсан, 10 нь бусдад шоглуулж дээрэлхүүлснээс үүдэлтэй байснаар бүртгэгдэж, бусад 140 нь шалтгаан тодорхойгүй гэсэн судалгааны дүн гарчээ.
Олон хүүхдийн ийм эрс алхам хийх болсон шалтгааныг тогтоох аргагүй байгаа нь тэднээс ямар нэг зурвас тэмдэглэл үлдээгүйтэй холбоотой. Энэ нь хэргийн цаад нөхцөл шалтгаантай нь тэмцэхэд бэрх болгож байна гэж Японы Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх төвийн дарга Ютака Мотохаши ярьсан байна. Мөн эрсдэлт бүлгийн хүүхдүүдийг илрүүлэх тогтолцоо бий болгох шаардлагатай байгааг тэрбээр онцолжээ.
Японы өсвөр үеийнхний дунд амиа хорлолт өсчээ | ||
Үзсэн: 1850 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.