Шууд Chart

“Аваргын гараа” тэмцээний шилдгүүд тодорлоо

2018-11-06 09:31:57

“Будапешт-1985” ДАШТ, “Найрамдал-1984” наадам, 1987 оны Дэлхийн цомын хүрэл медальт, 1981 оны залуучуудын Азийн аварга, “Интернациональ”, “Нөхөрлөл”, “Монгол говь” ОУТ болон Монгол Улсын аварга, Увс аймгийн Сагил сумын харьяат, гавьяат тамирчин, улсын начин Лувсангийн Энхбаяр агсны нэрэмжит “Аваргын гараа” чөлөөт бөхийн олон хотын тэмцээн энэ сарын 3-4-нд Увс аймгийн спорт хорооны зааланд боллоо. Увс аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын чөлөөт бөхийн холбоо, аймгийн Биеийн тамир, спортын газар болон Чөлөөт бөхийн холбоо хамтран зохион байгуулсан эл тэмцээнд хот, хөдөөгийн 19 байгууллагын 230 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд өрсөлдөв.

“Аваргын гараа” тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаанд Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Батжаргал, аймгийн БТСГ-ын дарга Б.Ганболд, Сагил сумын Засаг дарга Д.Дэлгэрхишиг, Лу.Энхбаяр агсны хань Д.Алтанцэцэг, төрсөн дүү, чөлөөт бөхийн спортын мастер, улсын начин Л.Өлзийбаяр, Увс аймгийн чөлөөт бөхийн холбооны тэргүүн, гавьяат дасгалжуулагч Д.Төрмөнх нар оролцжээ. Энэ үеэр Увс аймгийн БТСГ, Сагил сумын Засаг даргын Тамгын газар, Сагил сумын Улаангом дахь нутгийн зөвлөлөөс Лу.Энхбаяр агсны хань Д.Алтанцэцэгт хүндэтгэл үзүүлсэн юм.

“Аваргын гараа” чөлөөт бөхийн тэмцээний хөвгүүдийн ангилалд багийн дүнгээр Ш.Бат-Очир дасгалжуулагчтай Улаангомын II сургууль тэргүүлж, Ч.Пүрэвбаяр дасгалжуулагчтай “Арслан” клуб, Ц.Буянт дасгалжуулагчтай Увс аймгийн III сургууль удаалсан. Охидын багийн дүнг Ч.Мөнхбат дасгалжуулагчтай Архангай аймаг, Д.Гомбожав дасгалжуулагчтай VI сургууль, С.Банзрагч дасгалжуулагчтай Наранбулаг сумын баг эхний гурван байрыг эзлэв. Тус тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Л.Жаргалсайхан ажиллажээ.





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Аваргын гараа” тэмцээний шилдгүүд тодорлоо  
Үзсэн: 1140 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй