
АНУ-ын сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн компанит ажилдаа зарцуулсан нийт хөрөнгийн хэмжээ таван тэрбум долларт хүрчээ. Улмаар энэ удаагийн завсрын сонгууль АНУ-ын түүхэнд хамгийн өндөр өртөгтэй нь болж байгааг “Фокс ньюз” телевиз нэгэн судалгааны дүнгээс иш татан мэдээлж байна.
Сонгуулийн компанит ажлуудын зардлыг хөөн судалдаг “Хариуцлагатай улстөрийн төв” хэмээх ашгийн бус байгууллага тус судалгааг явуулжээ. Энэ хөрөнгөд намууд, нэр дэвшигчид болон намын улстөрийн үйл ажиллагаа эрхэлсэн хороод, намын дэмжигчдийн бүлгүүдийн зарцуулсан хөрөнгийг хамааруулж авч үздэг юм байна.
“Ерөнхий жишгийн дагуу өссөн дүнтэй тоо гарна гэдгийг бид тооцоолж байсан боловч сонгуулийн компанит ажилд өргөсөн хандивын хэмжээ гайхмаар нэмэгдсэнээр энэ жилийн үзүүлэлтийг тодорхойллоо” гэж тус төвийн захирал Шейла Крумхольц ярьжээ.
Тэдний байгууллагад байгаа мэдээллээр АНУ-ын Ардчилсан намынхан хувь хандивлагчдаас 1.3 тэрбум гаруй доллар цуглуулж чадсан бол Бүгд найрамдахчууд нэг тэрбум орчмыг цуглуулсан байна.
Энэ удаагийн завсрын сонгуулиар Конгрессийн Төлөөлөгчдийн танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ, Сенатын гуравны нэг нь шинэчлэгдэж байгаа юм. Одоогийн байдлаар тус хоёр танхимд хоёуланд нь Бүгд найрамдах нам олонх. Харин шинэ сонгуулийн дүнд доод танхим буюу Төлөөлөгчдийн танхим Ардчилсан намын хяналтад шилжсэн урьдчилсан дүнтэй байгаа юм.
АНУ-ын завсрын сонгуулийн компанит ажилд зарцуулсан нийт хөрөнгийн хэмжээ 5 тэрбум долларт хүрчээ | ||
Үзсэн: 735 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.