
Камеруны баруун хойд мужийн сургуулиас хулгайлагдсан сурагчид бүгд эсэн мэнд эргэн иржээ. Эрэгтэй, эмэгтэй 78 сурагч болон өөр гурван хүнийг өнгөрөгч даваа гарагийн өглөө мужийн төв Баменда хотын дотуур байртай сургуулиас хулгайлсан юм.
Хулгайлагдсан гурван том хүний нэг болох жолооч сурагчдын хамт суллагдсан бол хичээлийн эрхлэгч болон багш хоёр барьцаанд үлджээ. Засгийн газар болон бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг англи хэлт салан тусгаарлагчид бие биеэ сурагч, багш нарыг хулгайлсан хэрэгт буруутгаж буй юм байна.
Чөлөөлөгдсөн сурагчдыг Засгийн газрын армийн машинуудаар сургууль дээр нь авчрахад тэнд эцэг эхчүүд нь хүлээж байжээ. Хулгайлагдсан хүүхдүүдийн нэг, 15 настай охин “Би-Би-Си”-гийн сурвалжлагчид ярихдаа тэнд хүүхдүүдэд сайн хандаж байсан гэсэн байна. Тэдэнд жимс, хоол унд, гар угаах бүлээн ус зэргийг өгч байсан талаар охин ярьжээ.
Мөн тэдгээр хүмүүсийг "Амбазониа" хэмээх тусгаар улс байгуулахаар тэмцэж байгаа салан тусгаарлагч бүлгийнхэн байсан гэж тэр охин ярьсан байна. Харин “Андофон” гэдэг салан тусгаарлагчдын бүлгийн зүгээс өөрсдийг нь энэ хэргийн ард байгаа гэдэг нотолгоог үгүйсгэжээ.
Камеруны баруун хойд болон баруун өмнөд дэх англи хэлээр ярьдаг бүс нутгуудыг тусгаар тогтнуулахыг шаарддаг салан тусгаарлагч бүлгүүдийн үйл ажиллагаа өнгөрсөн жилээс эрс идэвхжсэн юм байна. Камеруны хүн амын олонх нь франц хэлээр ярьж харилцдаг юм.
Камерунд сургуулиасаа хулгайлагдсан сурагчид эсэн мэнд эргэн иржээ | ||
Үзсэн: 1273 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.