
Британийн үе залгамжлах хунтайж Чарльз “Би-Би-Си” агентлагт тусгайлан ярилцлага өгчээ. Энэ үеэрээ тэрбээр хаан болсныхоо дараа нийгэм-улс төрийн сэдвээр ярихгүй гэж мэдэгдсэн байна.
Уэльсийн хунтайж хүрээлэн байгаа орчин зэрэг сэдвээр багагүй хугацаанд олон нийтэд дуу хоолойгоо хүргэж ирсэн. Мөн орчин үеийн уран барилгын талаар чамгүй хурц дуугардаг. Санааг нь чилээсэн асуудлуудаар Засгийн газрын гишүүдэд ч нэг бус удаа хандаж байсан байдаг.
Гэхдээ түүнийг нь олон хүн сайд нарын ажилд хутгалдах гэлээ гэж хүлээж авсан нь бий. Мөн түүнтэй ганцаарчлан ярьж үзсэн хүмүүс түүнийг нэлээд илэн далангүй үг яриатай гэлцдэг. Жишээ нь, 2014 онд хунтайж Путиныг Гитлертэй зүйрлэсэн гэсэн яриа байдаг. Гэхдээ үүнийг хэзээ ч албан ёсоор баталгаажуулж байгаагүй юм.
Угтаа Британийн Хатан хааны гэр бүлийнхэн ямар нэг байдлаар маргаан тарихаар эсвэл битүү утгатай үг хэлэхээс хичээнгүйлэн зайлсхийдэг. Удахгүй тохиох хунтайж Чарльзийн 70 насны ойг угтан гаргасан “Би-Би-Си”-гийн баримтат кинонд Британийн хаан ширээ залгамжлагч, хаан болсныхоо дараа “Үндсэн хуулийн хэм хэмжээний” хүрээнд ажиллах ёстой болно гэдгийг цохон тэмдэглэжээ.
Тэрчлэн үе залгамжлах хунтайжийн хувьд ч улстөрийн аль нэг намын талд хэзээ ч дуугарч байгаагүй гэдгээ онцолсон байна. “Хунтайж, хүү, үе залгамжлагч: Чарльз 70 хүрлээ” гэдэг баримтат киноны зохиогчид Уэльсийн хунтайжтай бүтэн жилийн турш хөөрөлдөж ярилцах, дагалдан явах тусгай эрхтэй эдэлжээ. Хунтайж энэ сарын 14-нд 70 насны сүүдэр зооглох юм.
Хунтайж Чарльз: Хаан болсныхоо дараа нийгэм-улс төрийн сэдвээр ярихгүй | ||
Үзсэн: 1015 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.