
Крымийг ОХУ-д нэгтгэсэн, мөн Донбассын хямралд Москва хөндлөнгөөс оролцож байгаатай холбогдуулан АНУ гурван хувь хүн, есөн байгууллагын эсрэг хориг арга хэмжээ тогтоолоо. АНУ-ын Сангийн яам энэ тухай мэдээлсэн байна.
Хоригт өртсөн хүмүүсийн дунд Украйны хоёр иргэн байгаа нь Украйны Аюулаас хамгаалах газрын өндөр тушаалын ажилтан байсан, одоо Луганскийн өөрийгөө зарлан тунхагласан бүгд найрамдах улсад алба хашиж байгаа Александр Басов, нөгөө нь Украины тусгай албаны ажилтан асан Андрей Сушко нар юм байна.
Хар жагсаалтад ОХУ-ын Батлан хамгаалах яамны пуужингийн зэвсэглэл болон их бууны хүчний командлагч асан Владимир Зарицкий багтжээ. Хоригт багтсан компаниуд дунд Крымийн “Мрия” сувилал болон “Ай- Петри”, “Дюльбер” “Мисхор” зэрэг амралт сувиллын газар, бусад үйлдвэр аж ахуйн нэгжүүд багтжээ.
“Америкийн улстөрчид эдгээр компанийг хууль бусаар улсад хураан авч, худалдсан гэж үзэж байгаа юм” гэж “Эрх чөлөө” радиогийн мэдээнд дурдсан байна. АНУ-ын Украйны асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Курт Волкер энэ тухайд ярихдаа "Энэхүү хориг хязгаарлалтыг хөрөнгө оруулалтын замаар Крымийг Орост хавсарган нэгтгэх оролдлогыг дэмжсэний төлөө, мөн хүний эрхийн зөрчлүүдийн улмаас тогтоож байгаа" гэжээ.
Өнгөрөгч сарын дундуур Волкер “Нэгээс хоёр сар тутамд” Оросын эсрэг шинээр хориг тогтоох болно гэж мэдэгдэж байсан юм. Түүний үзэж байгаагаар, хориг арга хэмжээ нь шахалт дарамт үзүүлэх үр нөлөөтэй арга хэвээр байгаа тул тэдгээрийг хэвээр нь үлдээж, үе үе багцыг нь өргөжүүлэхээр төлөвлөж буй юм байна.
АНУ Крымийг өөртөө нэгтгэснийх нь хариуд 2014 онд анх ОХУ-ын эсрэг хориг тогтоож байсан. Донбассын зэвсэгт хямрал эхэлснээр улстөрийн хориг арга хэмжээн дээр эдийн засгийн хоригууд мөн нэмэгдсэн юм. Түүнчлэн АНУ-тай зэрэгцэн Европын холбоо бас хориг тогтоосон боловч энэ асуудал нь Европын холбоон дотроо маргаантай сэдэв байгаа юм.
АНУ 3 хүн, 9 байгууллагын эсрэг хориг арга хэмжээ тогтоолоо | ||
Үзсэн: 910 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.