Шууд Chart

Донецк, Луганскийн “Бүгд найрамдах улсууд” сонгууль явууллаа

2018-11-12 12:29:43

Украйны зүүн бүс нутгийн өөрийгөө зарлан тунхагласан Донецк, Луганскийн “Бүгд найрамдах улсууд” өчигдөр орон нутгийн парламентийн депутатууд болон төрийн тэргүүнээ сонгох сонгууль явууллаа. Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар, Донецкийн БНУ-д 400 гаруй, Луганскт 300 орчим сонгуулийн хэсэг ажиллажээ.

Украйн улс энэ сонгуулийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Ерөнхийлөгч Петр Порошенко сонгуулийг “хуурамч” гээд, түүнд оролцохгүй байхыг уриалсан. Харин Оросын мэдээллийн агентлагууд өчигдрийн турш сонгууль тайван, элдэв зөрчилгүй явагдаж байгаа талаар хэдэнтээ мэдээлжээ.

Донецк болон Луганскийн БНУ-ын сонгуулийн төв комиссуудын мэдээлж байгаагаар Луганскт сонгогчдын ирц 72.5 хувь, Донецкт 76.2 хувь болсон байна. Украйны төв Засгийн газрын захиргаанаас гарсан Донецк, Луганск мужуудад “ардын зөвлөл” буюу парламент, төрийн тэргүүний сонгууль анх удаа явуулж байгаа нь энэ биш юм. 2014 оны 11 дүгээр сард мөн ийм сонгууль явуулж байсан байдаг.

Донецкийн Бүгд Найрамдах Улсын тэргүүний сонгуульд Денис Пушилин гол нэр дэвшигч болж байна. Тэрбээр энэ оны наймдугаар сард амь эрсэдсэн өмнөх тэргүүн Александр Захарченкогийн халааг авч, үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа хүн юм. Харин Луганскийн төрийн тэргүүнд нэр дэвшсэн дөрвөн хүнээс Леонид Пасечник ялах магадлал өндөртэйд тооцогдож байна.

Тэрбээр мөн өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш өөрийгөө зарлан тунхагласан улсын төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм. Үүнээс гадна Донецкийн “ардын зөвлөл” буюу парламентад 100 депутат, Луганскийнхад 50 депутатыг энэ сонгуулиар сонгоно.

Санал хураалт эхлэхээс өмнө Донецкийн сонгуулийн төв комисс, сонгуулийн явцыг ажиглахаар Оросын парламентийн дээд, доод танхимын хэсэг төлөөлөгч ирсэн талаар мэдээлжээ. Өнгөрөгч аравдугаар сарын 30-нд болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр АНУ, Их Британи, Франц, Швед, Нидерланд, Польш улс энэхүү сонгуулийг “хууль бус”, “Минскийн хэлэлцээрийг зөрчсөн” гэж үзсэн юм.

Мөн АНУ дээрх сонгууль явагдахаас гурав хоногийн өмнө Донецк, Луганскийн БНУ-уудын эсрэг хориг арга хэмжээ авч байгаагаа зарласан юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Донецк, Луганскийн “Бүгд найрамдах улсууд” сонгууль явууллаа   
Үзсэн: 636 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй