
Нефть үйлдвэрлэгч томоохон улсууд түүхий эдийн үнэ улам буурахаас сэргийлэхийн тулд олборлолтоо багасгах саналтай байна. Саудын Араб, ОХУ болон нефть экспортлогч бусад томоохон улс өчигдөр Арабын Нэгдсэн Эмирт улсад уулзалт зохион байгуулсан юм.
Ираны эсрэг АНУ-ын нефтийн хориг хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулж хийсэн энэ уулзалтын үеэр талууд нефть үйлдвэрлэлийн одоогийн түвшин хэр зохистой байгааг хэлэлцжээ.
Мөн Ираны экспорт багассанаас үүдэлтэй алдагдлыг нөхөх үүднээс нефтийн бусад үйлдвэрлэгч улсууд олборлолтын хэмжээгээ ахиулснаар өнгөрсөн сард нефтийн үйлдвэрлэл өсөлттэй гарсан гэдгийг төлөөлөгчид хүлээн зөвшөөрсөн байна. Мөн дараа жил ч гэсэн нийлүүлэлт давамгайлж болзошгүй нөхцөл байдлаас сэргийлэхийн тулд дэлхийн нефтийн эрэлтэд тааруулан үйлдвэрлэлээ бууруулж болох юм гэсэн байр суурь илэрхийлжээ.
Нефтийн үнэ саяхан 20 гаруй хувиар унасан юм. Нефтийн экспортоос гол орлого олдог улс орнууд ийм маягаар бүтээгдэхүүнийхээ үнийн уналтыг зогсоохыг эрмэлзэж байна. Уулзалтыг даргалсан Саудын Арабын нефтийн сайд Халид аль-Фалех зах зээлийн тэнцлийг харьцангуй боломжийн түвшинд барих шаардлагатай байгааг цохон тэмдэглэжээ.
Мөн Саудын Араб улс ирэх 12 дугаар сард дэлхийн зах зээлд нийлүүлэх нефтийн хэмжээгээ дангаараа өдрийн 500 мянган баррелиар бууруулахаар төлөвлөж байгааг дурдсан байна.
Өчигдрийн уулзалтаар хүрсэн яриа тохиролцоо нь 2019 оны нефть үйлдвэрлэлийн түвшинг авч хэлэлцэх ОПЕК-ийн гишүүн болон гишүүн бус орнуудын дараа сарын хуралдаанд гол чиг баримжаа болох учиртай юм.
Нефть үйлдвэрлэгчид олборлолтоо багасгах саналтай байна | ||
Үзсэн: 637 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.