
Өргөн цар хүрээ хамарсан гал түймрийн аюулд нэрвэгдээд байгаа Калифорни муж улсад томоохон байгалийн гамшгийн дэглэм тогтоосноо АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зарлалаа.
Гал түймрийн аюулаас түргэн хугацаанд урьдчилан сэргийлж, дахин шинэ түймэр үүсгэхгүй байх үүднээс ийм дэглэмийг түргэвчилсэн байдлаар зарласнаа Дональд Трамп “твиттер” хуудсаараа мэдээлсэн байна.
Тэрбээр мөн амь эрсэдсэн хүмүүсийн гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлж, түймэрт хэлмэгдэгсдийг хурдан сэргэж “хөл дээрээ зогсохыг” ерөөжээ.
Калифорнийн хойд хэсэгт пүрэв гарагаас хойш дүрэлзэж буй түймрийн улмаас тус муж улсын түүхэнд үзэгдээгүй гамшиг сүйрэл учраад байгаа юм. Бараг 45 мянган га талбай хамраад байгаа энэ түймрийг ням гарагийн өглөөний байдлаар гал сөнөөгчид 25 хувь л цурманд оруулж чадсан байна. 6500 орчим байшин барилга энэ түймэрт шатжээ.
Калифорнийн өмнөд хэсэгт бас хоёр түймэр асаж байгаа юм. "Вүүлси" гэдэг газарт дэгдсэн түймэр 33 мянган га талбайг хамарснаас 10 хувийг нь л цурамлаж чаджээ. Хилл хэмээх газарт дэгдээд буй түймэр 1800 га-д тарсан ч 75 хувийг нь цурманд оруулсан байна.
Калифорнийн өмнөд дэх түймрүүдийн улмаас 179 барилга байшин шатаж үгүй болсны дээр өөр 57 мянга орчим байшин барилга, айлын сууц галд автах аюулд ороод байгаа юм. Нийтдээ Калифорнид ойн түймрийн улмаас 300 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Үүний дийлэнхийг буюу 170 мянгаад хүнийг хамарсан Лос-Анжелесийн тойрог дахь нүүлгэн шилжүүлэлт эзэлж байна. Гал түймрийн улмаас амиа алдсан хүний тоо сүүлийн мэдээгээр гурав болсон. Калифорнийн хойд хэсэг дэх түймэрт 29 хүн эрсэдсэн бол хоёр хүн өмнө зүгийн түймэрт амиа алдсан байна.
Мөн өөр 230-аад хүн ор сураггүй байгаа юм. Үүнээс өмнө нь Калифорнийн түүхэнд хамгийн их сүйрэл учруулсан түймэр өнгөрсөн оны аравдугаар сард мужийн хойд хэсэгт дэгдэж байсан. 15 мянга орчим га газар нутгийг хамарсан энэ түймэрт 5500 гаруй байшин үгүй болсон байдаг.
Калифорни мужид гамшгийн дэглэм тогтоолоо | ||
Үзсэн: 711 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.