Шууд Chart

Монголын сүмо бөхийн холбоо 25 жилийн ойгоо тэмдэглэнэ

2018-11-13 13:41:41

Монгол хүн Японы мэргэжлийн сүмо бөхөд барилдаж эхэлсний 26 жил, Монголын сүмо бөхийн холбоо байгуулагдсаны 25 жилийн ой энэ онд тохиож байна. Анх Японы мэргэжлийн сүмо бөхийн Оошима дэвжээний багш Оошима ояката 1992 онд Монголд өөрийн биеэр ирж, шалгаруулалт явуулан Д.Батбаяр, Ц.Батжаргал, Ш.Мөнхболд, Л.Түмэндэмбэрэл, Н.Цэвэгням, Б.Энхбат нарын зургаан залууг сонгон авч арлын орныг зорьсноор Монголын бөхчүүд сүмо хэмээх шинэ ертөнцтэй анхлан танилцсан. Ийн сүмод барилдах  Монголын бөхчүүдийн үүд хаалга нээгдсэн түүхтэй.

6(487)

Үүнээс гадна 1992 оны арванхоёрдугаар сард Олон улсын сүмо бөхийн холбоо Сүмогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг анх зохион байгуулсан. Нийт 25 орны 73 бөх зодоглосон энэ ДАШТ-д Монгол Улсын баг Япон, АНУ-ын баг, тамирчдын дараагаар гуравдугаар байрт шалгарч хүрэл медаль хүртсэн юм.

Ийн Монгол хүн спортын энэ төрлөөр дэлхийд өрсөлдөх бүрэн боломжтойг олж харсан тухайн үеийн багш, дасгалжуулагч, спортын мэргэжилтнүүд сүмо бөхийн төрлөөр баг тамирчдаа нэгдсэн бодлого, системтэйгээр бэлтгэх нь зүйтэй гэж үзсэнээр 1993 онд Монголын сүмо бөхийн холбоо байгуулагдах анхны үндэс суурь тавигджээ.

Энэ цаг үеэс эхлэн Монгол сүмочдын амжилт дэлхийд танигдаж эхэлсэн бөгөөд Монголын есөн сүмоч 14 удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлжээ.

ДАШТ-д аваргалсан Монгол сүмочид:

  1. 1994 он Б.Бат-Эрдэнэ
  2. 1994 он Б.Гантогтох
  3. 1995 он А.Сүхбат
  4. 1997 он А.Сүхбат
  5. 2006 он У.Бямбажав
  6. 2007 он У.Бямбажав
  7. 2008 он Г.Наранбат
  8. 2012 он Г.Наранбат
  9. 2012 он Р.Гантөгс
  10. 2014 он Б.Төрболд
  11. 2016 он Б.Төрболд
  12. 2010 он Я.Дулмаа /эмэгтэй/
  13. 2015 он Х.Сүнжидмаа
  14. 2016 он Х.Сүнжидмаа нар дэлхийн аварга болсон.

Мөн Монгол бөхчүүд сүмогийн ДАШТ-ээс дэвжээнээс мөнгө, хүрэл медаль хүртсэн тоогоороо энэ төрөлд өрсөлдөж буй улс орнуудын эхний гуравт бичигддэг.

Монголын сүмо бөхийн холбоо 25 жилийн хугацаанд 20 гаруй монгол залууст Японы мэргэжлийн сүмод орох үүд хаалгыг нээж өгсөн аж. Мөн эдгээр залуусаас Японы мэргэжлийн сүмогийн Их аварга, арслан, заанууд төрөн гарч Монгол улсын нэрийг дэлхий дахинд дуурсгасаар байна.

Тус холбоо 25 жилийнхээ ойн хүрээнд дараах ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ. Тухайлбал, “Сүмо-25 “ хүүхдийн гар зургийн уралдаан, бүх насныхан оролцох боломжтой эссэ, нийтлэл бичлэгийн уралдаан, асуулт хариултын нэвтрүүлэг, тэмцээн зохион байгуулах гэнэ. Мөн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын дунд “Миний мэдэх сүмо” уралдаан, Монголын сүмо бөхийн холбооны 25 жилийн ойд зориулсан чансаа өндөр, хүчит 128 бөхийн барилдаан зохион байгуулах юм байна. Эл барилдаан ирэх сарын 5-нд Буянт-Ухаа спортын ордонд болох аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монголын сүмо бөхийн холбоо 25 жилийн ойгоо тэмдэглэнэ  
Үзсэн: 1547 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй