
Олон улсын “Эмнести интернэшнл” байгууллага Мьянмарын Гадаад яамны сайд Аун Сан Су Чигаас хүний эрхийн салбарын хамгийн нэр хүндтэй шагналаа хураалаа.
Лалын шашинт рохинжа үндэстний эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн талаар дуугарахгүй, хүний эрхийн харгис зөрчлүүдийг өөгшүүлэн дэвэргэж байгаад Мьянмарын удирдагчийг буруутган ийм шийдвэрийг гаргажээ.
Өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн Мьянмараас бөөнөөрөө дүрвэн дайжихад хүрээд байгаа рохинжа үндэстний цөөнхийн асуудлаас болж олон улсын нэр хүндтэй хэд хэдэн байгууллага, нэгэн үе ардчиллын төлөө гал цогтой тэмцэгч гэгдэж явсан энэ хүнд олгосон шагналуудаа буцаагаад байгаа юм.
Рохинжа босогчдыг халдлага үйлдсэний төлөө Мьянмарын эрх баригчид энэ үндэстнийг цэргийн хүч ашиглан хавчин шахаж байна. Үүний улмаас 700 мянга гаруй рохинжа үндэстэн хөрш Бангладеш руу дүрвэн гараад байгаа юм.
Үүний өмнө НҮБ-ын тусгай эрх бүхий мөрдөн шалгагчид Мьянмарын цэргийнхнийг зориуд аймаглан устгах сэдлээр рохинжа үндэстний эсрэг аллага, хүчирхийлэл үйлдэж, зэр зэвсэг ашиглаж байгаад буруутгасан. Харин Аун Сан Су Чигийн Засгийн газар энэ дүгнэлтийг “Хэт нэг талыг барьсан өрөөсгөл” гэж няцаагаад цэргийнхнийгээ бослого үймээн дарах ажиллагаа явуулж байгаа гэж мэдэгджээ.
Олон улсын хүний эрхийн “Эмнести интернэшнл” байгууллага Аун Сан Су Чиг Мьянмарын цэргийн хунт дэглэмийг сөрсний төлөө гэрийн хорионд байх үед нь 2009 онд “Хүмүүнлэгийн элч”-ээр өргөмжилж байжээ.
Уг өргөмжлөлөө буцаах тухай мэдэгдэлдээ тус байгууллага хатагтай Аун Сан Су Чиг рохинжа үндэстний эсрэг үйлдэж буй хүчирхийллийг дуугүй өнгөрүүлж, цэргийнхнийг хаацайлснаараа “Нэгэн цагт өөрийн зорьж тэмцэж явсан үнэт зүйлээсээ шившигтэйгээр урвалаа” гэж буруутгасан байна.
Аун Сан Су Чи хүний эрхийн салбарын нэр хүндтэй шагналаа хураалгалаа | ||
Үзсэн: 2205 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.