
2019 оны нэгдүгээр сард нийлүүлэх “Брент” маркийн нефтийн үнэ Лондоны түүхий эдийн бирж дээр нэг хувь гаруйгаар буурч, нэг баррель нь 69 доллараас доош оржээ.
Хамгийн сүүлд энэ оны дөрөвдүгээр сарын 10-нд тус сортын нефтийн үнэ ийм түвшинд очиж байсан юм байна. Ням гарагт Абу-Даби-д чуулсан нефть экспортлогч орнуудын сайд нар ирэх оноос ОПЕК-ийн гишүүн болон гишүүн бус орнуудын олборлолтын хэмжээг бууруулах эсэх тухайд зөвшилцөж чадалгүй тарсны дараахан нефтийн үнэ ийнхүү буурч байна.
Оросын эрчим хүчний сайд Новакийн хувьд ирэх жилээс олборлолтын хэмжээг бууруулах санааг үгүйсгээгүй боловч бас дэмжээгүй. Харин Саудын Араб улс бүр ирэх 12 дугаар сараас эхлэн хоногт гаргах нефтийн хэмжээгээ 500 мянган баррелиар бууруулахаа зарлаад байгаа юм.
Нефть экспортлогч орнуудын сайд нар гурван долоо хоногийн дараа энэ асуудлаараа дахиад чуулна. Тэгэхдээ Венад болох тэдний уулзалт 12 дугаар сарын 5-7-ны хооронд үргэлжилнэ.
Тэр үеэрээ ОПЕК-ийн гишүүн болон гишүүн бус улсууд 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хугацаагүй хамтран ажиллах хэлэлцээрээ шинэчлэн байгуулах юм.
2019 оны нэгдүгээр сард нийлүүлэх “Брент” маркийн нефтийн үнэ буурлаа | ||
Үзсэн: 562 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.