Шууд Chart

“Ид шидийн орон-2” хүүхэд хамгааллын төслийн нээлт боллоо

2018-11-14 11:38:28

“Лантуун дохио” төрийн бус байгууллагаас зорилтот бүлгийн, амьжиргааны түвшин доогуур хүчирхийлэлд өртдөг болон хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөртэй, яаралтай тусламж дэмжлэг, хамгаалал шаардлагатай хүүхдэд чиглэсэн, тасралтгүй үйл ажиллагаа явуулах “Ид шидийн орон” төслийг Баянхошуунд хэрэгжүүлсэн.

Хүүхдийн боловсрол, хүмүүжил, эрүүл мэнд, хамгаалал зэрэг цогц асуудлыг шийдэх зорилготой эл төсөл нь хүүхэд хамгааллын төв болон боловсрол хөгжлийн төв хэмээх хоёр том барилгаас бүрдсэн байгууламж юм. Тус байгууламжид хүүхдийн түр хамгаалах байр, өдөр өнжүүлэх төв, цэцэрлэг, хүлэмж, хүчил төрөгч түгээх цэг зэрэг хүүхдэд чиглэсэн үйлчилгээ үзүүлэх олон бичил төв багтсан. Тэгвэл тус ТББ-аас нийслэлийн алслагдсан гэр хорооллын зүүн бүсэд “Ид шидийн орон-2” төслийг хэрэгжүүлэхээр болжээ.

Шинээр байгуулагдаж буй “Ид шидийн орон-2” тѳвийн санхүүжилтийн тэн хагасыг “Энержи Ресурс” компани санхүүжүүлэхээр болжээ. Эл санхүүжилтийг баталгаажуулах арга хэмжээ тус тѳв баригдах газарт буюу Улиастайн шинэ эцэст өнөөдөр боллоо. Үүнтэй холбогдуулан “Лантуун дохио” ТББ-ын Удирдах зөвлөлийн  гишүүн О.Мишээлээс зарим зүйлийг тодрууллаа.

О.Мишээл: Шинэ төслөөрөө “Ид шидийн орон” төвөөс хоёр дахин том байгууламж барина

-“Ид шидийн орон” төвд хэчнээн хүүхэд хамрагддаг вэ?

-“Ид шидийн орон” анхны төсөл жил гаруйн хугацаанд амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар 56 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа. Үүнээс гадна хүчирхийлэлд өртсөн 10 гаруй хүүхэд хамгаалах байранд бий. Энэ төв маань 20 гаруй ажлын байр бий болгосон. “Ид шидтэй ах эгч” төсөл буюу АНУ-д ажиллаж амьдардаг 300 гаруй Монгол хүний өдөр бүрийн нэг долларын хандиваар санхүүждэг. Улсаас одоогийн байдлаар ямар нэгэн дэмжлэг үзүүлээгүй.

-Өнөөдөр нээлтээ хийж буй “Ид шидийн орон-2” төслийн талаар мэдээлэл өгөөч?

-“Лантуун дохио” ТББ-аас судалгаа явуулаад Улаанбаатар хотын зүүн хэсэгт “Ид шидийн орон-2” төвөө барихаар болсон. Энэ төслөө өнөөдөр албан ёсоор эхлүүлж байна. Үндэсний хөрөнгө оруулалттай том компаниудын нэг “Энержи Ресурс” 10 жилийнхээ ойн хүрээнд нийгэмд чиглэсэн зөв төслийг санхүүжүүлж, хариуцлагатай ажиллаж буй төрийн бус байгууллагыг санхүүжүүлэхээр болсон. Энэ шалгуурт манай “Лантуун дохио” ТББ тэнцэж, бидний шинэ төслийн эхлэлийн хөрөнгө 740 сая төгрөгийг хандивлаж байна. “Ид шидийн орон-2” төслийн байгууламж барих газрыг авахаас эхлүүлээд ерөнхий тооцоогоо урьдчилсан байдлаар гаргасан. Энэ тооцооллоор төслийн санхүүжилтийн 50 хувийг “Энержи Ресурс” компани олголоо гэж хэлж болно. Санхүүжилтийн үлдсэн 50 хувийг хандивын аянаар ард иргэдийг уриалаад энэ төвөө Монголчууд хамтаар босгоно гэж тооцоолж байна.

 -“Ид шидийн орон-2” төвд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хамрагдах боломжтой гэсэн?

-Шинэ төсөл маань байгууламжийнхаа хувьд “Ид шидийн орон” төвөөс хоёр дахин том байх юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хүлээж авах бололцоо нээж өгөхөөр ажиллаж байна. Одоогийн байдлаар газраа сонгоод авчихсан. Шинэ төвийнхөө шавийг ирэх оны хавар тавьж, барилгын ажлаа эхлүүлэхээр төлөвлөсөн.

-“Ид шидийн орон” төв өнгөрсөн өвөл дулааны асуудлаа эко байдлаар шийдсэн. Гэвч энэ санаачилгаас үүдэн цахилгааны өндөр төлбөрт унаж, тогоо тасдуулахдаа тулсан. Энэ онд халаалт, дулаанаа хэрхэх вэ?

-Өнгөрсөн өвөл манай төв нэг ч зуух ажиллуулж, нүүрс түлээгүй. Цахилгаан халаагуураар дулааны асуудлаа шийдсэн. “Ид шидтэй ах, эгч нар”-ынхаа ачаар цахилгаан, дулааны төлбөрөө төлж байгаа. Энэ өвлийн хувьд нарны зай хураагуур холбосон. Гэхдээ тодорхой хувийг нь л энэ аргаар шийдэх байх. Хосолсон зуух байхгүй болохоор энэ өвөл дахин цахилгаанаар халаана. 



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Ид шидийн орон-2” хүүхэд хамгааллын төслийн нээлт боллоо  
Үзсэн: 2158 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй