Шууд Chart

Израиль болон Палестиний "ХАМАС" бүлэглэл гал зогсоох тохиролцоонд хүрчээ

2018-11-14 12:41:27

Израиль болон Палестиний "ХАМАС" бүлэглэл хоорондоо гал зогсоох тохиролцоонд хүрчээ. Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Египетийн зуучлалтайгаар ийм хэлэлцээр байгуулсан талууд тэр дороо гал зогсоох үүрэг хүлээсэн байна.

Үүний зэрэгцээ Палестиний бүлэглэлүүд Израилийн талыг тохиролцоогоо дагаж мөрдсөн нөхцөлд л түр эвлэрлийн журмыг дагана гэж анхааруулжээ. Харин Израилийн Засгийн газар, газар дээрх нөхцөл байдал ямар байхаас өөрийнх нь үйлдэл шууд хамаарна гэсэн байр суурьтай байна.

Ням гарагт Газын зурваст Израилийн тусгай хүчний явуулсан ажиллагааны улмаас талуудын хооронд 2014 оноос хойш үзэгдээгүй хурц хямрал дэгдсэн юм. Тухайн бүс нутгийг хянадаг Палестиний "ХАМАС" бүлэглэл даваа гарагт Израилийн нутаг руу 460 пуужин хурвасан бол Израилийн цэргийн онгоцууд Газын зурвас дахь 160 байд, түүний дотор "ХАМАС" хөдөлгөөний төв байранд агаараас цохилт өгсөн байна.

Үүний улмаас есөн хүний амь эрсдэж, 50 гаруй хүн шархаджээ. Тус бүс нутгийн байдал ийнхүү хурцадсанд Европын Холбоо сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлсэн. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Израиль, Газын зурвасын хилийн орчмын бүсэд байгаа сөргөлдөгч бүх талыг туйлын хүлээцтэй байхад уриалсан байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Израиль болон Палестиний "ХАМАС" бүлэглэл гал зогсоох тохиролцоонд хүрчээ   
Үзсэн: 545 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй