
Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Ауюлгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын их Хурлын гишүүн А.Ундраа нар тус тус танилцуулсан.
Манай улсаас Бүгд Найрамдах Турк Улс (БНТУ)-д амьдарч байгаа болон БНТУ-аас Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн тоо сүүлийн жилүүдэд өсөж байгаа тул иргэдийнхээ нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх үүднээс иргэдийн хүсэлт, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны 7 дугаар хуралдааны протоколыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг үндэслэн “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, БНТУ хоорондын хэлэлцээр” байгуулах ажил тодорхой үе шаттайгаар явагдаж, улмаар 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Турк Улсын Анталя хотод уг хэлэлцээрт гарын үсэг зурж, албан ёсоор баталгаажуулаад байгаа аж.
Хэлэлцээрийн төсөл нь 38 зүйлтэй бөгөөд хоёр улсын иргэд хоёр оронд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож, тэтгэвэр болон оршуулгын тэтгэмж олгох, тэтгэврийг харилцан шилжүүлэх, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр олгох, нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг харилцан цуглуулах зэрэг үндсэн зарчмыг тусгажээ. Харин хэлэлцээрт эрүүл мэндийн болон ажилгүйдлийн даатгалыг тусгаагүй бөгөөд жирэмсний болон амаржсаны, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, үйлдвэрлэлийн ослын улмаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн харилцааны адил хоёр улсын өөрийн хууль тогтоомжоор зохицуулагдах юм байна.
Хууль батлагдсанаар манай улсын иргэдийн БНТУ-д ажилласан хугацааг шимтгэл төлсөн хугацаанд нэгтгэн тооцож аль нэг талаас тэтгэвэр тогтоолгон авах боломж бүрдэх юм байна. Ингэснээр БНТУ-д ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэд Монгол Улсын нийгмийн даатгалд сайн дураар даатгуулдаггүйгээс тэтгэврийн даатгалын харилцаа нь олон жилээр тасарч ирээдүйд тэтгэвэр авах эрх нь үүсэхгүй байх, эсвэл маш бага хэмжээний тэтгэвэр авахад хүрдэг асуудал арилна гэж хууль санаачлагчид үзжээ.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн байна. Хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, БН Турк Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон баталлаа | ||
Үзсэн: 995 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.