Шууд Chart

Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-07-20 19:38:51

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон 2026 оны 07 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Ерөнхийлөгч Эмомали Рахмоныг “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Тажикистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал, Бүгд Найрамдах Тажикистан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хайрулло Ибодзода нар угтаж авлаа.

Энэ төрийн айлчлал нь Бүгд Найрамдах Тажикистан Улсын төрийн тэргүүний 2009 онд манай улсад хийсэн төрийн айлчлалаас хойш 17 жилийн дараа болж байна. Хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Айлчлалын үеэр худалдаа, эдийн засаг, боловсрол, спорт, геологи, ашигт малтмал, байгаль орчин, аж үйлдвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

Төрийн тэргүүн нар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Тажикистаны “Үндэсний ногоон хөгжлийн хөтөлбөр-2040” хөтөлбөрийг уялдуулан хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хамтын хүчин чармайлтад хувь нэмрээ оруулахыг зорьж байна.


Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ  
Үзсэн: 218 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй