Шууд Chart

“Очир төв”-д нас барсан охины нэр төрийг гутааж, доромжилсон гэв

2018-11-15 15:39:00

            Баянзүрх дүүргийн XXI хорооны нутаг дэвсгэр “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин амь насаа алдсан хэрэг өнгөрсөн оны наймдугаар сарын 23-нд гарсан. Уг хэрэгт Б.Жавхлан, М.Амарболд нарыг холбогдуулан шалгасан бөгөөд шүүгдэгч нар хохирогчийн бие махбодид гэмтэл учруулсан, улмаар хохирогч архины цочмог хордлогын улмаас амь насаа алдсан нь шалгалтын явцад тогтоогдсон байдаг. Тэдэнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг энэ сарын 21-ний өдрийн 10:00 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийхээр товлосон.

            Үүнтэй холбоотой хохирогч охины эмээ С.Оюунцэцэг, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, тус холбооны ерөнхий зөвлөлийн гишүүн, хуульч С.Оюунцэцэг тэргүүтэй эмэгтэй өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

             Энэ үеэр Монголын эмэгтэйчүүдийн холбоо болон Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын багш нарын холбоо нэгдэж 13 настай охиныг доромжлон хүчирхийлж, амь насыг нь хөнөөсөн гэмт хэрэгтнүүдэд зохих хариуцлага хүлээлгэхийн төлөө тууштай ажиллахаа мэдэгдлээ. Мөн шүүгдэгчийн гэр бүлээс хохирогчийн ар гэрийнхэнд утсаар дарамт учруулж байгааг хохирогч охины эмээ хэлэв.

С.Оюунцэцэг: “Очир төв”-ийн эзнийг албадан шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасан

              Талийгаач охины эмээ С.Оюунцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.

             -Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр шүүх хуралд шинэ гэрч оруулж, мэдүүлэг авах хүсэлт тавьсан гэсэн?

            -Шүүгдэгч М.Амарболдын ээж, төрсөн дүү, хоёр гурван найзыг нь гэрчээр оруулах хүсэлт тавьсан. Энэ бол нэгдүгээрт, байж болшгүй. Хоёрдугаарт, хавтаст хэрэг бүрдээд шүүхийн шатанд эцсийн шийдвэр гарах хүртлээ бүрдсэн байхад нэмэлт гэрч шаардлагагүй. Мөн мэдүүлэг авахаар хүсэлт гаргасан шинэ гэрч нар тухайн газарт хэрэг үйлдэгдэх үед байгаагүй учир тэднээс гэрчийн мэдүүлэг авах шаардлага байхгүй. Тэр утгаараа шүүх зөвшөөрөөгүй.

          -Охины амиа алдах орчин нөхцөлийг бүрдүүлсэн “Очир төв”-ийн эзнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 200 мянган төгрөгөөр торгоод өнгөрсөн. Тус төв нэрээ “Элит” болгож өөрчлөн үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Тус байгууламжийн эзнийг хариуцагчаар татах уу?

-Энэ сарын 21-нд болох шүүх хуралд “Очир төв”-ийн эзнийг албадан дуудаж, ирээгүй тохиолдолд албадан авчирч шүүх хуралд оролцуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хоёр дахь удаагаа шүүхэд тавьсан.

 

Б.Оюунгэрэл: Шүүх хурлын гадна тайван жагсаал зохион байгуулна

oyungerel

          Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл зарим асуултад хариулт авлаа.

           -Монголын эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөл талийгаач охины шүүх хуралд оролцох уу?

         -Манай холбооноос “Хүчирхийллийг хүчгүйдүүлье” олон нийтийн хөдөлгөөн эхлүүлсэн. Энэ хөдөлгөөний хүрээнд бодлогод, хуульд, олон нийтэд нөлөөлөх олон ажлыг төлөвлөсөн. Үүний нэг нь олон нийтийн анхаарлыг татсан талийгаач 13 настай охины хэрэгтэй холбоотой асуудал руу анхаарал хандуулах нь зөв гэж үзээд, шүүх хуралд оролцохоор хүсэлт гаргасан. Мөн “Хүчирхийллийг хүчгүйдүүлье” хөдөлгөөний хүрээнд олон нийтийг энэ асуудалд анхаарч оролцооч гэсэн хүсэлтийг тавьж байна.

           Талийгаач охин 13 настай буюу бага насны хүүхэд байсан. Гэтэл тэр охиныг цахим сүлжээнд зарим хүн архичин, биеэ үнэлэгч байсан мэтээр нас барсан охины нэр төрийг гутаан доромжлох үйлдэл удаа дараа гарч байна. Үүнд Монголын эмэгтэйчүүдийн холбоо болон мянга мянган ээж сэтгэл зовниж байна. Тэр утгаараа энэ сарын 21-нд МЭХ-ний холбооны төлөөллийг ажиглагчаар оруулах хүсэлт гаргасан. Мөн шүүх хурлын гадна тайван жагсаал зохион байгуулна.

           -Танай холбооноос хохирогчийн гэр бүлийнхэнд хууль зүйн туслалцаа үйлчилгээ үзүүлж байгаа юу?

          -Манайх Монголын өмгөөлөгчийн холбоотой хамтарч ажиллаад цаашдаа хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, хүүхдэд үнэгүй зөвлөгөө өгөх санамж бичигт гарын үсэг зурж байгаа. Тэр утгаараа манай холбооноос хохирогчийн ар гэрт хүсэлт тавьсан. Хохирогчдын гэр бүл өмгөөлөгчтэй, энэ хэрэг дээр бүтэн жилийн турш эхнээс нь өнөөг хүртэл явж байгаа учир өмгөөлөгч өөрчлөхгүй гэсэн. Нэмж өмгөөлөгч авах шаардлага гарсан тохиолдолд Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтраад хуулийн үйлчилгээ үзүүлэх боломж бий.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Очир төв”-д нас барсан охины нэр төрийг гутааж, доромжилсон гэв  
Үзсэн: 1163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.160.xxx] 2018-11-16 00:08
Бусад улсад ямар байдаг юм болдоо. Хэрэгтэн нь тодорхой хэргийг яагаад бүтэн жил өнгөрч байхад шийдэж чададгүй юм бол?? Манай хууль ийм байдгымуу. Чаддаг бол тэр балиар буудлыг үнс болтол дэлбэлж оронд нь хүчирхийллийн эсрэг хөшөө босгох юмсан. Хүн төрхт адгууснууд хэрэг үнэн зөвөөр шийдэгээсэн

Бидэнтэй нэгдээрэй