
Үндэсний үйлдвэрлэл, экспортыг дэмжих зорилгоор УИХ-ын гишүүн А.Ундраа, НИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаа нарын санаачлагаар гурав дахь жилдээ зохион байгуулж буй "Вансэмбэрүү-2018" үзэсгэлэн өнөөдөр болон маргааш МҮОНРТ-ийн “MNB Event hall”-д 11:00-18:00 цагийн хооронд болж байна.
Эх оронч худалдан авалтыг уриалсан эл арга хэмжээнд нийт 90 гаруй иргэн, аж ахуй нэгж, байгууллага өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, үйлдвэрийн үнээр борлуулж байгаа юм.
"Вансэмбэрүү-2018" үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун тэргүүтэй нийслэл, дүүргийн төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын дарга нар оролцлоо.
Тус үзэсгэлэнгийн нээлтийн үеэр УИХ-ын гишүүн А.Ундраа “НИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаатай хамт жижиг дунд үйлдвэрлэл, экспортыг дэмжих чиглэлээр зохион байгуулагдсан эл арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Бид жижиг дунд үйлдвэрлэлийг болон экспортыг дэмжиж байгаа. Экспорт гэхээр бизнес эрхлэгчид гадаад зах зээл, гааль, худалдааны талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Мөн чанартай, хэрэглэгчийн сэтгэлзүй, хэрэглээг мэдэрсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх амаргүй даваа. Үйлдвэрлэгчдэд ийм бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрмэлзэл байна. Жилээс жилд “Вансэмбэрүү” үзэсгэлэнд оролцож буй бизнес эрхлэгчдийн цар хүрээ нэмэгдэж, шалгуур даахуйц бараа бүтээгдэхүүн нэмэгдсэн. Энэ үзэсгэлэнд жинхэнэ баялаг бүтээж буй бизнес эрхлэгчид оролцож байна. Тиймээс энэ чиглэлийн бусад үйл ажиллагаа ч улам өргөжөөсэй.
“Вансэмбэрүү” анхны үзэсгэлэнгийн “Шинэ санаа, шилдэг бүтээл”-ийн эзнээр 2016 онд “Хас гутал”, “Эм ар эс би” компани шалгарч, Итали улсын Милан хотод зохион байгуулагдсан арьс, арьсан бүтээгдэхүүний Олон улсын үзэсгэлэн яармагт амжилттай оролцоод ирсэн. “Вансэмбэрүү-2017” экспогийн “Шинэ санаа, шилдэг бүтээл”-ээр "Spirit of Nature" компанийн органик, арьс арчилгааны бүтээгдэхүүн шалгарч, Япон улсын Токио хотноо зохион байгуулагдсан Гоо сайхны салбарын үзэсгэлэн яармагт оролцож, туршлага судалсан. Харин энэ жилийн “Шинэ санаа, шилдэг бүтээл” үйлдвэрлэсэн компанийг АНУ-руу туршлага судлуулахаар явуулна.
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлого төрийн бодлогын төв байх ёстой. Энэ утгаараа төрийн бодлого илүү шилэн болж, шалгаруулалт шудрага, сангийн зээл нь эзнээ болсон байх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Цаашдаа ч тууштай байх болно” гэв.
Мөн НИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаа “Бидний урилгыг хүлээн авч “Вансэмбэрүү-2018” экспод оролцож буй үйлдвэрлэгчид болон арга хэмжээг дэмжиж ирсэн зочид төлөөлөгч, худалдан авагч, иргэд та бүхэнд баярлаж байгаагаа илэрхийлье. Эхний жил “Вансэмбэрүү” экспог 2016 онд “Барс” захын хойно байрлах нийтийн эзэмшлийн талбайд 30 гаруй иргэн, аж ахуй нэгж, байгууллагын оролцуулж зохион байгуулсан. Хоёр дахь жилдээ буюу “Вансэмбэрүү-2017” экспог өнгөрсөн оны аравдугаар сарын 14-15-нд Баянгол дүүргийн УБТЗ-ын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулж, нийт 50 гаруй үндэсний үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага оролцуулсан. Харин энэ жилийн хувьд 90 гаруй бизнес эрхлэгч МҮОНРТ-ийн “MNB Event hall”-д хоёр өдрийн турш, өөрийн бараа бүтээгдэхүүнийг танилцуулж, борлуулах юм.
УИХ-ын гишүүн А.Ундраа болон миний бие иргэдээс сонгогдоод тойргийнхоо болон нийслэлийн иргэдэд ямар дэмжлэг үзүүлэх вэ гэж ярилцсан. Иргэдэд тохиолдож буй асуудал юу вэ гэхээр ажилгүйдэл, ядуурал. Үүнээс гарахын тулд үйлдвэрлэгч нараа дэмжье. Тэднийг дэмжихийн тулд учирч буй асуудалд нь шийдэл олох нь бодит дэмжлэг юм. Өнөөдөр үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг боловч тэдэнд борлуулалт, ажиллах хүч болон хүний нөөц, санхүү гэсэн гурван асуудал тулгарч байна. Үүнийг шийдэхийн тулд эхний ээлжинд борлуулалтанд нь бодит дэмжлэг үзүүлье гээд “Вансэмбэрүү” экспог гурав дахь жилдээ зохион байгуулсан.
Мөн УИХ-ын гишүүн А.Ундраатай хамтран жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдэд тохиолдож буй бүхий л асуудлыг шийдэхийн тулд ажиллана. Зөвхөн энэ хоёр өдөр л борлуулалт хийлгэх бус жилийн турш бизнес эрхлэгчидтэй ойртон ажиллаж бусад асуудлыг ч мөн шийдэх болно. Хүний нөөцөө яаж удирдах талаар тусалж дэмжинэ. Санхүүгийн асуудлын хувьд жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зээл олгодог, дэмжлэг үзүүлдэг байгууллагын мэдээллийг хүргэх зэрэг олон ажлыг үргэлжлүүлэн хийх болно. Энэ хоёр өдрийн арга хэмжээний хүрээнд бизнес эрхлэгчид өөрт тохиолдож буй асуудлынхаа талаар санал солилцож, шийдэл гарц олж, улмаар эх орондоо төдийгүй дэлхий дахинд танигдсан, экспортлох боломжтой бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсдаа үйлдвэрлээсэй. Ингэснээр ажлын байр нэмэгдэж, ядуурал, ажилгүйдэл шийдэгдээсэй. Монгол Улс дэлхийн өндөр хөгжилтэй орон болохын төлөө энэ арга хэмжээ цаашид улам өргөжин тэлж зохион байгуулагдана" гэсэн юм.
"Вансэмбэрүү-2018" үзэсгэлэнд оролцож буй зарим жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бүтээгдэхүүний талаар тодрууллаа.
“Байгаль үндэс” компанийн ерөнхий захирал н.Нарантуяа “Манайх анх Монголд өнгөрсөн жил Төв аймгийн Угтаал суманд 20 га, энэ онд Батсүмбэр суманд 10 га газарт маалинга тарьсан. Зарим хүн маалинга гэхээр төдийлөн мэддэггүй. Олсны ургамал гэдгээр нь сайн танидаг. Манайх нэг настай маалингын ургамлыг тариад үрээс цэвэр аргаар гаргаж авсан маалингын тос, үр зэрэг дөрвөн төрлийн бүтээгдэхүүн худалдаанд гаргаад нэг жил гаруйн хугацаа өнгөрч байна. “Номин”, “Сансар” зэрэг сүлжээ дэлгүүр, худалдааны төвүүдээр бүтээгдэхүүнээ 5000-15000 төгрөгийн үнээр борлуулдаг. “Вансэмбэрүү-2018” экспод 20 хувь хямдруулан үнээр борлуулж байгаа. Маалингын тос худалдан авсан тохиолдолд ахин нэгийг бэлэглэж байна.
Маалингын тос зүрх судасны үйл ажиллагааг дэмждэг. Хорт хаврын эсрэг маш сайн нөлөө үзүүлдэг эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн юм. Судасны ханан дахь бохирдлыг сайн цэвэрлэдэг учир мэдрэл цусны үйл ажиллагааг сайжруулдаг. Маалингын үр эмэгтэйчүүдийн гоо сайхан, дааврыг тэнцвэржүүлдэг”.
“Гоби голден сийдс” компанийн захирал А.Уранчимэг “Манай компани байгаль орчны нөхөн сэргээлтийн үр, эмийн ургамлын тариалан, эмийн ургамлын цай үйлдвэрлэдэг. Дотоод орчны ургамлан хана, эмийн ургамлын цайны үйлдвэр, тариалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ үзэсгэлэнд эмийн ургамлын цайгаароролцож байгаа. Манай компани Монголын болон эх орондоо ургадаггүй гадны 50 гаруй төрлийн ургамлыг говьд тариалаад 11 нэгж төрлийн цай гаргадаг. Мөн бид байгалиас түүж бэлтгэсэн ургамал ашигладаггүй, зөвхөн 100 хувь таримал ургамлаас цай гарган авдаг. Цөлжсөн талбайд цайны тариалалтаа явуулдаг”.
Жижиг дунд үйлдвэрлэгч М.Баттогтох “Манай “Монгол сийлбэр” компани 2012 онд гурван хүнтэй үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Одоо 18 ажлын байр бий болгосон. Манайх үндэсний өв соёл, уламжлалаа хадгалсан сийлбэр бүхий модон эдлэл үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Тухайлбал, гал тогооны тавилга, Төрийн сүлд, хаан хатан сэнтий, модон авдар, ширээ, бурхны гүнгэрваа, хурдан морины хусуур, хорол тоглоом зэрэг эдлэлийг иргэдийн захиалгаар болон эрэлт хэрэгцээнд нь тулгуурлаж үйлдвэрлэдэг. Өнөөдрийн үзэсгэлэнд 10 гаруй нэр төрлийн 100 гаруй бүтээгдэхүүнээ танилцуулж байна”.



















Эх оронч худалдан авалтыг уриалсан “Вансэмбэрүү” экспо хоёр өдөр үргэлжилнэ | ||
Үзсэн: 2497 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.