Шууд Chart

“Оддын өвчин” жүжгийн тухай найман баримт

2018-11-19 09:05:00

1. Америкийн зохиолч, найруулагч Кен Людвиг "Lend me a tenor" жүжгийн зохиолоо 1986 онд бичсэн. Түүний эл бүтээл Монголын тайзнаа "Оддын өвчин" нэрээр амилж, энэ сарын 15-нд нээлтээ хийсэн.

2. К.Людвиг Монголын үзэгчдэд зохиол бүтээлээрээ хэдийн танил болсон билээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Ганхуяг түүний “Гол дүрийн амрагууд” жүжгийг 2009 онд найруулан УДЭТ-ийн тайзнаа үзэгчдэд хүргэсэн.

3. Театрын орчин цагийн урлагийн шинэ урсгал чиглэлийн жүжгийн зохиол бичиж, найруулдаг Кен Людвиг драмын зөрчлийг инээдмийн хэлбэрээр, нэн сонирхолтой хүүрнэдэг нь түүний бусдаас ялгагдах онцлог юм.

4. “Оддын өвчин” жүжиг 16 хэлээр орчуулагдаж, 25 орны үзэгчдэд хүрсэн.

5. Эл бүтээлд дүр бүтээсэн УДЭТ-ын залуу жүжигчид “Оддын өвчин”-өөр “өвдөх” явцдаа дэлхийн 11 сонгодог дуурийн ари болон зарим хэсгийг чадварлаг дуулдаг. Мөн “Оддын өвчин” жүжгийн "Өөрийнхөөрөө амьдар" дууг дуулжээ.

6. Тус жүжгийн ерөнхий найруулагчаар УДЭТ-ын найруулагч, соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшин, ерөнхий зураачаар соёлын тэргүүний ажилтан С.Ариунболд, хөгжмийн зохиолчоор урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Энхбаяр нар ажилласан.

7. Тайз чимэглэл, дүрүүдийн хувцас, эдлэл хэрэглэлийг өвөрмөцөөр урлаж, орчин цагийн модерн, авангард урсгалыг реалист хэлбэртэй уялдуулан бүтээжээ. Ингэснээр урьд өмнө нь байгаагүй, сценографийн урлагт шинийг эрэлхийлсэн тун өвөрмөц бүтээл болжээ.

8. “Оддын өвчин” жүжгийг таалан соёрхсоноор найруулагч, уран бүтээлчдийн эл бүтээлд хандах хандлагын өвөрмөц илэрхийлэл, цоо шинэ өнгө төрхийг харна.







Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Оддын өвчин” жүжгийн тухай найман баримт  
Үзсэн: 1190 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй