
Зургаан настай хүү алга болсон хэрэг өчигдөр орой нийслэлийн Баянгол дүүрэгт гарсан. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажилласны үр дүнд хүүг олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгчээ. Сэрэмжлүүлэг болгох үүднээс энэ хэрэгтэй холбоотой мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс тодрууллаа.
-Хичээлээ тараад өдөр өнжүүлэхийн багштайгаа хамт явсан хүү алга болсон хэрэг гарсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Өчигдөр буюу энэ сарын 19-нд 20:00 цагийн орчим ерөнхий боловсролын 40 дүгээр сургуулийн нэгдүгээр ангийн зургаан настай хүү алга болсон гэх дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад ангийн багшаас нь ирсэн. Эл дуудлагын дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсийн албан хаагч нар хүүг хайх эрлийн ажиллагааг тус дүүргийн 14, 15, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 20:00-23:30 цагийн хооронд явуулсан.
Эрлийн ажиллагааны явцад 23:30 цагийн орчимд хүүг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Эмийн санд байхад нь олсон. Зургаан настай хүүг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэж өгсөн. Мөн цагдаагийн албан хаагчид хүү болон ангийн багштай нь ярилцаж, хүүг хичээл тарсных нь дараа өдөр өнжүүлэхийн багш нь авч явсныг тогтоосон.
-Өдөр өнжүүлэхийн багш согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэсэн?
-Хүүгийн хамрагддаг өдөр өнжүүлэхийн багш 49 настай эмэгтэй байсан. Нөхөртэйгээ хамт тус төвийг ажиллуулдаг. Тус төв албан ёсны зөвшөөрөл авсан эсэхийг Цагдаагийн байгууллага шалгаж байна. Хүүг багш нь сургуулиас нь өдөр өнжүүлэх рүү авч явах замд хүү алга болсон байсан. Мөн багш эмэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тогтоогдож, өчигдөр эрүүлжүүлэх байранд саатуулагдсан. Одоо багшаас тайлбар мэдүүлэг авч байна.
Сэрэмжлүүлэг болгох үүднээс хэлэхэд ихэнх эцэг, эх 1-3 ангийн хүүхдээ өдөр өнжүүлэх төвд хамруулдаг. Тиймээс эцэг, эхчүүд олон цагаар хүүхдийг нь хүмүүжүүлж, харж хандаж буй өдөр өнжүүлэх төв хэр баталгаатай, найдвартай эсэхийг нягтлан шалгаж байх хэрэгтэй. Мөн тухайн төвийн аюулгүй байдал, багшийн мэдлэг, боловсрол зэрэг бүхий л зүйлийг судлаарай.
М.Мөнхшүр: Алга болсон хүүг олж, өдөр өнжүүлэхийн багшийг эрүүлжүүлсэн | ||
Үзсэн: 3658 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.