
Засгийн газраас Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилсныг Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр товлосон. Үүнтэй холбоотойгоор “Шүүхийн ахмадуудын холбоо”-ноос мэдэгдэл гаргаж, өнөөдөр УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хүргүүлж байгаа талаараа сэтгүүлчдэд мэдээллээ.
Хэвлэлийн хурлын үеэр “Шүүхийн ахмадуудын холбоо”-ны тэргүүн, гавьяат хуульч Д.Гансүх, тус холбооны гишүүн гавьяат хуульч Д.Данзандорж, гишүүн Д.Тайванхүү, Д.Буянтогтох, П.Баттулга, Ц.Батмөнх нар “Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг шүүхийн хяналтаас гаргах хуулийн төсөл санаачилсан нь хүний эрх, эрх чөлөөг боогдуулж, эрх баригчдыг дур зоргоороо аашлах боломжийг олгохыг завдсан үйлдэл” хэмээн онцолсон юм.
Тиймээс “Шүүхийн ахмадуудын холбоо”-ноос дараах мэдэгдлийг гаргажээ. Эл мэдэгдэлд "Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, “Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа”-г шүүхийн хяналтаас гаргах гэж байна.
Хэрвээ энэ хуулийн төсөл Улсын Их Хурлаас батлагдвал, Засгийн газар, түүний харьяа төв, орон нутгийн засаг захиргааны байгууллагын иргэний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа шийдвэр, үйл ажиллагааг Захиргааны хэргийн шүүх хянах боломжгүй болох юм.
Үндсэн хууль болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцод хүн бүр шүүхэд хандах эрхтэйг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан атлаа засаг, төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа хууль зөрчсөн эсэх асуудлыг шүүхэд хянуулахгүй, иргэдийн шүүхэд хандах эрхийг хуулиар хязгаарлах нь хуулийн засаглалтай, хүний эрхийг хүндэтгэдэг ардчилсан нийгмийн мөн чанарт үл нийцэх үйлдэл болно.
Монгол Улсын Их Хурал хууль тогтоох эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хуульт байгууллагыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг ямагт дээдлэх, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах зарчимд тулгуурлах ёстой тул шүүх эрх мэдлийн эрх зүйн байдлыг дордуулсан, нийт иргэд, хуулийн этгээдийг эрхийн хамгаалалтгүй болгосон, засаг, төрийн байгууллагыг дур зоргоор аашлах боломжийг олгосон хуулийг батлах ёсгүй билээ.
Эрх зүйт төрийн ололтоос ухрах, хүний эрхзүйн байдлыг дордуулж, засаг төрийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг хяналтгүй болгох хууль гаргах нь Монголын ард түмний язгуур эрх ашигт хохирол учруулахаар байна.
Ард түмний элч, улсын эрх ашгийг илэрхийлэн хамгаалах үүрэг хүлээсэн Улсын Их Хурлыг ийм болчимгүй шийдвэр гаргахгүй байхыг Шүүхийн ахмадуудын холбоо шаардаж байгааг үүгээр мэдэгдье" гэжээ.

Шүүхийн ахмадуудын холбооноос УИХ-ын дарга, Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлнэ | ||
Үзсэн: 998 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.