Шууд Chart

Шүүгдэгч Д.Жавхлангийн өмгөөлөгчийг торгож, шүүх хурлыг 23-нд товлов

2018-11-21 14:18:20

   Баянзүрх дүүргийн XXI хорооны нутаг дэвсгэр “Очир” төв (тус объектын нэрийг сольж “Элит” болгосон)-ийн зочид буудлын өрөөнд 13 настай охин амь насаа алдсан хэрэг өнгөрсөн оны наймдугаар сарын 23-нд гарсан. Уг хэрэгт Д.Жавхлан, М.Амарболд нарыг холбогдуулан шалгасан бөгөөд шүүгдэгч нар хохирогчийн бие махбодид гэмтэл учруулсан, улмаар хохирогч архины цочмог хордлогын улмаас амь насаа алдсан нь шалгалтын явцад тогтоогдсон байдаг.

  Тэдэнд холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр  Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт эхлэх байсан ч шүүгдэгч Д.Жавхлангийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг эмнэлгийн байгууллагад шинжилгээ өгөх үндэслэлээр хойшлуулах хүсэлт бичгээр гаргажээ.

   Мөн эл шүүх хуралд УИХ-ын гишүүн О.Баасанхүү иргэний хувиар ажиглагчаар оролцох тухай хүсэлт бичгээр гаргасан. Тэгвэл шүүх бүрэлдэхүүн эл хоёр хүсэлтийг шийдвэрлээд дараах шийдвэрийг гаргажээ.

  Шүүгдэгч Д.Жавхланг Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцож өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж шүүх хуралдааныг энэ сарын 23-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр боллоо. 

   Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзав. Учир нь шүүх хуралдааныг хаалттай явуулах учир хэргийн оролцогч нараас өөр хүнийг оролцуулах боломжгүй гэж үзлээ.

  Иймд хаалттай явуулах дээрх шүүх хуралд хохирогчийн эрх ашгийг хамгаалан Т.Лхагвасүрэн, С.Баясгалан, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан, хууль зүйн туслалцаа үзүүлэхээр өмгөөлөгч Р.Булгамаа, Г.Батбаяр, Х.Баасанжаргал нар оролцох аж.

   Үүнээс гадна шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийг Зөрчлийн тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн II-т заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах” зөрчлийг гаргасан гэж үзэж, шүүхээс 300 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдууллаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Шүүгдэгч Д.Жавхлангийн өмгөөлөгчийг торгож, шүүх хурлыг 23-нд товлов  
Үзсэн: 835 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй