Шууд Chart

Нийтийн тээвэр даваа гарагаас тэг зогсолт хийж магадгүй

2018-11-21 16:39:09

Нийтийн тээврийн 17 компанийн төлөөлөл шатахууны үнэ холбоотой нэмэгдсэнтэй холбоотой  тулгамдаж буй асуудлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Энэ үеэр том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэн “Нийслэлд орон нутгийн өмчийн хоёр, хувийн хэвшлийн 17 компанийн 950 гаруй автобус 89 чиглэлд  700 мянга гаруй зорчигчnд үйлчилгээ үзүүлдэг.

2015 оноос  2017 оны есдүгээр сар хүртэл ам.долларын ханш, дизель түлшний бөөний үнэ тогтвортой байсан учир нийтийн тээврийн машин цагийн зардлыг өөрчлөх шаардлага тулгараагүй.

Гэтэл өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн хувийн хэвшлийн компанийн санхүүжилтээс цаг тутам 2261 төгрөгийг хасч (шалгагч нарын цалин) 30672  төгрөгийн санхүүжилт олгох болсон. Мөн 2017 оны аравдугаар сараас хойш дизель түлшний бөөний  үнэ, ам.долларын ханш тогтмол нэмэгдсэн. Тиймээс бид хүсэлтээ холбогдох газарт удаа дараа тавьснаар  эл зардлыг шинэчлэн тогтоох НИТХ-ын тогтоол гарч “Журамд өөрчлөлт оруулах ажлыг хэсэг” томилогдон ажиллаж, дүгнэлтээ өнгөрсөн тавдугаар сард гаргасан. Ажлын хэсэг дизель түлшний бөөний үнийг 1900 төгрөг, ам.долларын ханшийг 2450 төгрөг, их багтаамжийн автобусны нэг машин цагийн зардлыг 36540 төгрөгөөр тооцсоноор энэ онд 17.4 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргасан. Гэтэл энэ дүгнэлтийг өнөөдрийг хүртэл нийслэлийн Засаг даргын зөвлөл болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэлдэхүүнд танилцуулаагүй.

Мөн Нийслэлийн тээврийн газрын дарга үйлчилгээ үзүүлж буй компаниудын алдагдлыг “Энэ онд нийслэлийн Засаг даргын тамгын газраас олгоно” гэсэн болохоор бид харилцагч байгууллага, банканд өр тавьж өнөөг хүртэл иргэдэд хэвийн үйлчилж ирсэн.

Энэ  сард дизель түлшний бөөний үнэ огцом нэмэгдэж 2390 төгрөг болсон. Үүнээс үүдэн автобусны машин цагийн зардал 39756 төгрөг гарсан. Мөн түлш нийлүүлэгч компаниуд зээлээр түлш олгодог тогтмол дүнгээ нэмэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Гэтэл бид 30672 төгрөгийн санхүүжилт авдаг учир цаашид нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн хэмжээнд үргэлжлүүлэх эдийн засгийн боломжгүй боллоо.

Хувийн хэвшлийн компани энэ онд зөвхөн шатахууны үнийн зөрүүнээс үүдэн 5.1 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Тиймээс нийслэлийн удирдлага эл алдагдлыг нэн даруй шийдвэрлэж олгох, ирэх оны нийслэлийн төсвийг батлахдаа дизель түлшний үнийн өсөлтийг нэмэгдсэн үнээр тооцох хэрэгтэй.

Үүнээс гадна түлш нийлүүлэгч компаниудаас зээлээр шатахуун өгөхгүй гэдгээ мэдэгдсэн. Тиймээс биднээс шалтгаалахгүйгээр нийтийн тээврийн үйлчилгээ доголдож, зогсож магадгүй болсныг иргэдэд анхааруулж байна” гэв.

 Мөн “Тэнүүн-Огоо” компанийн ерөнхий захирал А.Ганхуяг “Манай компани долоо хоног бүр  “Петро Стар”  компаниас 150 тонн шатахуун баазууддаа хувааж татдаг. Гэтэл шатахуун нийлүүлэгч компанийн зүгээс ирэх даваа гарагийг давах уу гэмээр  хэмжээний түлш нийлүүлсэн. Мөн тухайн компаниас цаашид манайд зээлээр түлш нийлүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Хувийн хэвшлийн бусад компанид ч  дээрх мэдэгдэл ирсэн: Зөвхөн хувийн хэвшил гэлтгүй улсын нийтийн тээврийн компаниуд өртэй байгаа. Нийтийн тээврийн компаниуд нийлүүлэгчээ компаниа давхар санхүүгийн хүнд байдалд оруулах нөхцөл үүссэн. Хэрэв нийтийн тээвэр доголдож зогсвол бид хариуцлага хүлээхгүй гэдгээ мэдэгдэж байна” гэлээ.

 



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Нийтийн тээвэр даваа гарагаас тэг зогсолт хийж магадгүй  
Үзсэн: 775 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй