Шууд Chart

Ирэх онд ЭЕШ өгсөн сурагчдад шууд дүнг нь зарлана

2018-11-23 14:20:26

Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл технологийн дэвшлийг ашиглан элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын дүн, оноог олон нийтэд ил тод, шударга, шуурхай зохион байгуулах зорилгоор шууд засалтын “Шилэн технологи” боловсруулж нэвтрүүллээ. Шалгалтын материал шууд засах “Шилэн технологи” нь шалгуулагчдын хариултын хуудсыг тусгай засагч машинаар шалгалт авсан газарт уншуулж, дүн оноог шууд гаргах юм байна. Ингэснээр шалгуулагч шалгалт өгсөн даруйдаа өөрийн авсан дүн, оноогоо мэдэх боломжтой. Түүнчлэн мэдээллийн технологийг ашиглан төрийн боловсролын үнэлгээний үйлчилгээг иргэд, олон нийтэд ил тод, түргэн шуурхай хүргэх юм.

Боловсролын үнэлгээний төвөөс ирэх онд улсын хэмжээнд ЭЕШ авах 49 шалгалтын төвд шууд засалтын үйл ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. ЭЕШ-ын материалыг автоматаар засах уг шинэчлэлийн үр дүнд шалгуулагчид дүн, оноогоо 14 хоног хүлээх шаардлагагүй. Мөн ЭЕШ-ын сорил засах үйл явц олон нийтэд нээлттэй, ил тод, шударга явагдана. Ингэснээр эдийн засгийн хувьд сорил засах пост, ажлын хэсгийн төсвийг хэмнэх аж. Мөн орон нутгийн шалгуулагчдын унаа, байрлах газрын зардал буурах юм.

Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ-ээс зарим зүйлийг тодрууллаа.

-Монгол Улсын боловсролын үнэлгээнд нэвтрүүлж буй шинэ технологийн талаар мэдээлэл өгөөч?

-Өмнө нь элсэлтийн ерөнхий шалгалтын дүн 14 хоногийн дараа гардаг байсан. Тэгвэл одоо шалгуулагчид шалгалтаа өгснийхөө дараа шууд дүнгээ мэдэх боломжтой технологийг ирэх онд Монгол Улс даяар нэгэн зэрэг хэрэгжүүлэхээр зорьж байна. Бэлтгэл ажил хангагдаж байна. Өнөөдөр эл технологи дээр ажиллах техникийн ажилтны сургалт зохион байгуулагдаж байна.  Бид энэ оны ЭЕШ-ын үеэр дээрх технологийг Орхон, Ховд аймагт нэвтрүүлсэн. Түүнчлэн шалгалтын сорилын дүнг багш, шалгуулагчид болон тэдний эцэг эхчүүдэд нээлттэй, ил тод, шуурхай засаж мэдээлсэн. “Шилэн технологи”-ийн талаар багш, эцэг эх, сурагчид ам сайтай байсан.

-Ирэх онд орон даяар буюу ЭЕШ-ын 49 төвд шууд засалт хийнэ гэсэн. Санхүүжилтээ хэрхэн шийдэж байгаа вэ?

-Шалгалтын материал шууд засахдаа АНУ-д үйлдвэрлэсэн технологийг ашиглана. Дэлхийн банкны санхүүжилтээр эхний ээлжинд 26 машин авсан. Мөн дотоодын дөрвөн машинтай байгаа. Ингээд нийт 30 машин дээр суурилан техникийн мэргэжилтэн бэлтгэх сургалт зохион байгуулж байна. Ирэх оны эхээр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр нэмж 50 машин авснаар бэлтгэл бүрэн хангагдана. ЭЕШ өгсөн хүүхдүүд 14 хоног дүнгээ хүлээдэг. Энэ бол нэлээдгүй урт хугацаа. Мөн энэ хугацаанд шалгалтын дүнд өөрчлөлт орох вий гэсэн хардлага эцэг эхчүүдээс гардаг. Мөн манай улс эл технологийг ирэх онд боловсролын үнэлгээндээ нэвтрүүлснээрээ олон улсад тэргүүлэгчдийн эгнээнд очно. Учир нь уралдаант шалгалтаа шууд засдаг орны мэдээлэл одоогоор алга байна. Магадгүй энэ технологийн тусламжтай хурдан засдаг улс орон бий байх.

-“Шилэн технологи” нэвтэрснээр төсвөөс болон иргэдээс гарах зардал нэлээд хувиар буурах юм билээ?

-Хоёр төрлийн төсвийн хэмнэлттэй. Нэгдүгээрт, иргэдийн халааснаас нэг тэрбум орчим төгрөг хэмнэхээр байгаа. Учир нь жилд дунджаар 10 мянга орчим шалгуулагч сумын төвөөс ЭЕШ өгөх гэж аймгийн төв рүү очдог. Шалгалтын дараа буцаж, сумандаа очоод 14 хоногийн дараа дүнгээ сонсох, их сургуулийн хувиараа сонгох гэж дахин аймгийн төвд ирдэг. Тэгвэл “шилэн технологи” нэвтэрснээр сум орон нутгийн шалгуулагчид аймгийн төвдөө нэг удаа очихдоо шалгалтаа өгөөд, шууд дүнгээ сонсох, суралцах их, дээд сургуулиа сонгох боломжтой болсон.

Мөн ЭЕШ-ын материалыг нэг дор төвлөрүүлж засахын тулд 60 хүний бүрэлдэхүүнтэй баг байгуулж, цагдаагийн хамгаалалтан дор 14 хоногийн хугацаанд ажиллуулдаг. Хоёр долоо хоногийн хугацаанд ийм олон хүнтэй баг ажиллуулах өртөг тодорхой хэмжээнд өндөр гардаг. Одоо шууд засах систем нэвтэрсэн учир материал засах багт огт төсөв зарцуулахгүй. Харин шалгалтын төв тус бүрт техникийн ажилтан нэг хүн л ажиллуулах зардал гарна.













Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ирэх онд ЭЕШ өгсөн сурагчдад шууд дүнг нь зарлана  
Үзсэн: 1659 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
солонго [127.0.0.xxx] 2018-12-19 21:02
сайн бнуу эештын оноог нэмсэн гэдэг үнэн үү

Бидэнтэй нэгдээрэй