Шууд Chart

“Алтан түрүү” цом, тэмдгийн эзэд тодорлоо

2018-12-03 16:48:16

Монгол Улсын газар тариалангийн салбарын түүхийг хагас зууны турш ботилсон сэтгүүл зүйн цор ганц бүтээл болох Монголын үндэсний олон нийтийн радиогийн “Ургацын далай” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан түрүү” шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр “MNB event hall”-д боллоо.

Монголын тариаланчдын үндэсний холбоотой хамтран олгодог тус шагналыг газар тариалангийн салбарт техникийн шинэчлэл хийсэн, үр сортоо чанаржуулсан, өндөр ургац авсан, аж ахуй нэгжээ сайн удирдсан зэрэг шалгуур үзүүлэлтийг хангасан шилдэг менежер, агрономич, механикжуулагч, тариаланч, ногоочин таван хүнд олгодог билээ.

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц “Алтан түрүү” шагнал гардуулах ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Монголын үндэсний радио сонсогч түмэндээ хүргэдэг ууган хоёр нэвтрүүлгийнхээ хүрээнд “Алтан түрүү” цом, тэмдэг, “Алтан төлийн эзэд”-ийг тодруулдаг билээ. Намар цаг эхэлмэгц Монголын радиогийн “Ургацын далай” нэвтрүүлгийн сурвалжлах баг газар тариалангийн нутгаар явж та бүхний ажил үйлсийг ард түмэн, олон нийтэд хүргэдэг. Өнөөдөр бид нэг намраас дараа намар хүртэл цаг наргүй ажилладаг тариаланчдын алдрыг тэмдэглэж, манлайлагчдаа олон нийтэд танилцуулахаар цугласан байна. Энэ хүндтэй ёслолын ажиллагааг албан ёсоор нээж байгаадаа баяртай байна” гэсэн юм.

IMG_0045a

Монгол хүн атар газар эзэмшиж, тариа ногоо, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлснээс хойш 59 жилийн хугацаа өнгөрчээ. Тэгвэл шаргал тариа халиурсан талбайгаас, газар тариаланч, ногоочдын дэргэдээс тэдний баяр хөөр, гомдол цөхрөл, ололт дэвшлийг 54 жил тасралтгүй сурвалжилсан “Ургацын далай” нэвтрүүлэг энэ оны шилдгүүдээ тодрууллаа.

Алтан түрүү” цол, тэмдгийн эзэн 30 гаруй тариаланч, ногоочин, агрономич, механикжуулагч, менежерийн “гэр бүл”-д “бүл нэмсэн” манлайлагчдаас шагналаа авсных нь ард сэтгэгдлийг нь сонслоо.

“Алтан түрүү” цом тэмдгийн эзэн, шилдэг тариаланч, Увс аймгийн Баруунтуруун сумын тариаланч К.Наранчимэг “Энэ жил манай Баруунтуруун сумын тариаланчид ургац арвинтай байлаа. Өнгөрсөн онд нэг га-аас 10-12 цн(центр) ургац авсан бол энэ жил нэг га-гаас 22-24 цн хүртэлх ургац авсан. Манай суманд хавар бороо ороогүй ч зун хур элбэг сайхан байсан. Намар хоёр ч удаа цас орж, шуурга шуурсан ч тариагаа хаягдалгүйгээр хурааж авсан. Тариа хураалтаас өмнө хүйтэрсэн үед хяруу цохихоос урьдчилан сэргийлж утаа тавьсны дүнд ургацаа арвин хураасан”.

IMG_0073a

“Алтан түрүү” цом тэмдгийн эзэн, шилдэг агрономич, Булган аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын агрономич Б.Энхбаяр “Ургацын далай нэвтрүүлгийн “Алтан түрүү” цом, тэмдэг авсандаа баяртай байна. Би агрономич мэргэжлээр 30 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд технологийн ажлыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, ургацын хэмжээгээ тогтвортой байлгах бодлого нэвтрүүлж, баримталснаар энэ хүндтэй шагналыг хүртсэн гэж бодож байна.

Манай аймагт газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх бодлого, хүнс ногооны болон Булган жимс, жимсгэний төсөл зэрэг олон хөтөлбөр хэрэгждэг. Бүгд тодорхой хэмжээнд үр дүнд хүрч байгаа.”.

IMG_0088a

 “Алтан түрүү” цом тэмдгийн эзэн, шилдэг механикжуулагч “Хөвсгөл алтан дуулга” компанийн механикжуулагч Г.Атарсайхан “Энэ сайхан шагналыг авсан даа маш их баяртай байна. Намайг өдий зэрэгт хүргэсэн аав, ээж болон намайг дэмждэг н.Дуламсүрэн захиралтай компанийнхаа хамт олонд баярлалаа. Би 18 настайгаасаа механикжуулагчаар ажиллаж эхэлсэн. Хамт олныхоо дэмээр суралцаж, ажилдаа гаршин өдий зэрэгт хүрч шагнал хүртлээ.

 Энэ жил манай аймагт хавраас эхлэн бороо хур сайтай байсан. Есөн сарын дундуур цас орж, бага зэрэг хүндрэл гарсан. Манай хамт олон эмх цэгцтэй ажиллаж, ургацаа хаягдалгүй хурааж авахыг зорьсон. Ирэх жил буюу Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойгоороо энэ жилийнхээ амжилтыг давтах, илүү ургац хураахыг зорьж ажиллах болно”.

IMG_0108

“Алтан түрүү” цом тэмдгийн эзэн, шилдэг ногоочин Ховд аймгийн Манхан сумын ногоочин Н.Дүгэржав “Миний газар тариалангийн салбарт 18 жил ажилласан хөдөлмөр, үр шимийг үнэлж өнөөдөр “Алтан түрүү” цом, тэмдгээр шагнасанд баярлаж байна. Газрын шим гэдэг ижий, аав шиг ивээл буянаа байнга хайрлаж байдаг. Цаашид улам олон тариаланч, ногоочдыг уриалан дуудаж, залуу үеийг сургаж ажиллана. Энэ жилийн хувьд ургац их арвин байлаа. Нэг га-аас 25 центр (цн) ургац буудай хурааж авсан. Цаашид улам хичээж ажиллана. Монголынхоо бүх тариаланчид ногоочид болон Ховд аймаг, Манхан сумынхаа ард түмэнд баярлалаа. Бүгдэнд нь ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энхийг хүсье”.

IMG_0082a

“Молор эрдэнэ түрүү” компанийн ерөнхий менежер Г.Мөнхжаргал “Ээж минь (“Алтан түрүү” цом, тэмдгийн эзэн, шилдэг менежер, Булган аймгийн Хангал сумын “Молор эрдэнэ түрүү”компанийн менежер Г.Сүрэнхүү”) гадаадад томилолтоор явж байгаа учир өмнөөс нь шагналыг нь авлаа. Миний ээж 2003 оноос хойш 15 дахь жилдээ газар тариалангийн салбарт ажиллаж байгаа. Би ээжээсээ үлгэр жишээ авч энэ салбарт ажиллаад хоёр жил болж байна. Энэ онд хаврын тариалалтын дараа бороо хур нэлээн оройтож орсон. Намар богц гүйцэх үеэр бороо их орсноор боловсрох хугацаа удааширсан. Техник технологид түшиглэн, ажиллах хүчээ зөв зохион байгуулснаар бага хугацаанд их ажил амжуулж, дээрх хүндрэлийг давсан” гэсэн юм.

IMG_0125

            “Алтан түрүү” шагнал гардуулах ёслолын үеэр МҮОНР-ийн сэтгүүлч, яруу найрагч, Ургацын далай нэвтрүүлгийн редактор Х.Дугарсүрэнгээс сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр “Ургацын цаг нэвтрүүлэг маань Монгол оронд намар цаг ирснийг илтгэдэг манай радиогийн ууган нэвтрүүлгийн нэг. Манай нэвтрүүлэг энэ онд 54 дэх намартаа сонсогч олондоо агаарын цэнхэр долгионоор хүрлээ. Ургацын далай нэвтрүүлгийг анх 1964 онд ахмад редактор Б.Дэндэв, сэтгүүлч Б.Туяа, З.Далхжав мундгууд сонсогчдод хүргэсэн. Үргэлжлүүлэн Д.Галсан, соёлын гавьяат зүтгэлтэн М.Цагаан, Д.Амбасэлмаа, “Бүдүүн дуут” хэмээн алдаршсан зохиолч, сэтгүүлч Б.Цэрэндамба, зохиол, сэтгүүлч П.Баярсайхан, хэл бичгийн ухааны доктор Л.Мөнхтөр нарын ахмад уран бүтээлч нар маань энэ нэвтрүүлгийг агаарын долгионоор цацаж ирсэн. Миний хувьд энэ өндөр хүмүүсийн үргэлжлэл нь болоод хоёр дахь намартаа Ургацын далай нэвтрүүлгээ бэлдлээ. Энэ жил газар тариалангийн бүс нутаг болох Төв аймаг болон Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн тариалан бүхий суманд очиж, тариаланч, ногоочидтой уулзаж, 30 шахам дугаар сонсогч олондоо хүргэсэн. Ингэхдээ ургац, хүнс, ногоо хураалтын байдлыг тухайн газраас нь сурвалжилж, бэлтгэсэн. Ирэх онд Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ой, МҮОНР-ийн Ургацын далай нэвтрүүлгийн 55 жилийн ой болно. Энэ хос ойн хүрээнд манай нэвтрүүлэг хавар ургац тариа тариалалтын үе, Монгол оронд газар тариалан эрхэлдэг өнцөг булан бүрт буй нийт тариаланч, ногоочин, агрономич, механикчийн дэргэд очиж нэвтрүүлгээ бэлдэх зорилго тавьсан” гэсэн юм.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Алтан түрүү” цом, тэмдгийн эзэд тодорлоо  
Үзсэн: 1250 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй