
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн гадаа жирэмсэн эмэгтэй амаржсан талаарх мэдээлэл өчигдөр цахим сүлжээнд тарсан. Тодруулбал, энэ сарын 3-нд 23:00 цагийн орчимд орон нутгийн хаягтай, жирэмсний хяналтанд ороогүй, 26 настай бүсгүй тус эмнэлгийн буруу тасгийн хаалгаар ороод буцаж төрөх тасгаа хайх явцдаа гадаа амаржжээ.
Энэ талаар ЭХЭМҮТ-д хүүхдээ үзүүлэхээр ирсэн нэгэн ээж анх өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтэлсэн юм. Тэрбээр “Хүүхэд маань ханиад хүрээд бараг сар болох гэж байна. Энэ хугацаанд эмнэлэгт хоёр удаа үзүүлж, нэг удаа үзүүлэх гэж оролдлоо. Эмч нартай холбоотой маш их муухай зүйл сонсож байсан ч өөрийн нүдээр харна, бас өөр дээрээ үзнэ гэж бодсонгүй ээ. Эх нялхсын эмчид хүүхдээ үзүүлэх гээд хүлээж байх үед нэг жирэмсэн эмэгтэй “би төрөх гээд байна” гээд ороод ирэхэд үүдэнд нь бүртгэл хөтөлдөг гурван сувилагч “манайх төрчихсөн хүүхдийн эмнэлэг болохоос төрүүлдэг нь биш. Нөгөө талаар ороод төрөхдөө үзүүл” гээд 23:00 цагийн үед хөөгөөд явуулчихлаа. Гэтэл нөгөө ээж цуг яваа хүнгүй таксины жолоочтой хоёулаа байсан. Гараад нөгөө төрөхөө хайж явах үедээ бараг 30 гаруй градусын хүйтэнд гадаа гудамжинд хүүхдээ төрүүлчихлээ. Тэгээд буцаад элгэндээ хүүхдээ тэврээд уйлаад ороод ирсэн. Тэнд байсан бүх хүн маш ихээр цочирдож, ээж аав нар маш их уурласан. Мөн би ч гэсэн эх хүн өөрөө төрж үзсэн болохоор төрөх үед ямар байдгийг мэддэг учраас “Та нар арай ч дээ яаж ийм хүн чанаргүй муухай байдаг бнаа. Энэ эмнэлэг чинь бүгд залгаатай байж хөөж шууд явуулахын оронд ядаж нэг сувилагчтайгаа дотроор явуулчихгүй” гэж намайг хэлэх үед сувилагч нар уурлан чи одоо хэн юм ар гэрийнхэн нь биш бол дуугай бай” гээд намайг болон тэнд бсан хүн рүү бүгд рүү нь уурлаж, загнасан” гэсэн юм.
Дээрх болсон явдалтай холбоотой УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өөрийн цахим хуудаснаа уучлал хүсчээ. Тэрбээр “ЭХЭМҮТөвийн хүүхдийн тасагт ирсэн жирэмсэн эмэгтэйг төрөх тасаг руу явахыг угтах үйлчилгээний ажилтан зөвлөснөөр замдаа гадаа төрж ,эмч мэргэжилтнүүд шуурхай арга хэмжээ авсны үр дүнд одоо эх хүүхэд эсэн мэнд, биеийн байдал тогтвортой байна. Гэхдээ харанхуй шөнө, хүйтэнд гадаа төрөхөд хүргэсэн буруутай хүмүүст хариуцлага тооцно. Эх хүүхдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахын зэрэгцээ хүн ардынхаа эрүүл энхийн төлөө цаг наргүй зүтгэдэг эмч мэргэжилтнүүдийнхээ нэр төрд сэв суулгаж, олныг цочроосон хэрэг гарсанд уучлал хүсье. Цаашид салбарын ёс зүйн асуудалд онцгой анхаарч ажиллах болно” гэжээ.
Д.Сарангэрэл: Жирэмсэн бүсгүйг шөнө, хүйтэнд гадаа төрөхөд хүргэсэн буруутай хүмүүст хариуцлага тооцно | ||
Үзсэн: 1386 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.