
Жилийн эцэс ойртох тусам салбар бүр шилдгүүдээ нэрлэдэг. Энэ жишгийн дагуу дэлхийн хамгийн нэр хүндтэй, өндөр ашиг орлоготой кино үйлдвэр болох Холливудын 2018 оны хамгийн хөдөлмөрч 10 жүжигчний жагсаалтыг гаргасан. Сонирхолтой нь эл жагсаалтад цөөнгүй залуу уран бүтээлч багтжээ. Мөн бүрэн хэмжээний кинонд тоглоогүй ч зөвхөн телевизийн цувралд дүр бүтээсэн жүжигчин эл жагсаалтын дундуур бичигдсэн байна.
Эрхэм уншигч та бүхэн Холливудын 2018 оны шилдэг 10 жүжигчинтэй танилцана уу.
10. Тесса Томпсон 2018 онд Бүүтс Райлигийн бичиж найруулсан "Sorry to bother you" насанд хүрэгчдэд зориулсан инээдмийн кинонд тоглосноос гадна “Annihilation”, “Creed II”, HBO-ийн цуврал болох “Westworld” кинонд дүр бүтээсэн. Тэрбээр мөн ирэх онд гарах “Men in Black-4” кинонд “Thor: Ragnarok”-н хамтрагч, гол дүрийн жүжигчин Крис Хэмсворттой хамтран гол дүр бүтээхээр болсон.
9. Жүжигчин Жош Броулин 2018 онд дан аллага, хүчирхийлэл үйлдэгч эсрэг талын дүрүүдийг бүтээжээ. Гэлээ ч түүний энэ жил тоглосон “Sicario: Day of the Soldado”, “Avengers: Infinity War” , “Deadpool-2” кино жүжигчнийхээ ашиг орлого, нэр хүндийг илүү өсгөж чадлаа.
8.Энэ оны гуравдугаар сард дэлгэцнээ гарсан “Ready player one” киноны эсрэг талын дүрийг амжилттай бүтээсэн Ханна Жон Кэймэн жагсаалтын наймдугаар байрт бичигдлээ. Тэрбээр энэ онд мөн “Ant-Man and the Wasp” кинонд эсрэг талын баатар Ghost-н дүрийг чадварлаг бүтээсэн.
7. Жагсаалтын долоодугаарт Монголын үзэгчдэд төдийлөн танил болоогүй залуу жүжигчин Жесика Бэрден бичигджээ. Тэрбээр "The End of the F***ing World" телевизийн цувралд гол дүр бүтээн IMDB-н “Starmeter”-т өртсөн. Мөн түүнийг 2019 онд маш том алдрын тавцан хүлээж байна. Учир нь сайн цувралын гол дүрийн од улам л гялалздаг.
6. Өнгөрсөн онд “Cinderella” болон “Baby Driver” кинонд тоглож, өндөр үнэлгээ авсан Лили Жэймс энэ жил “Little Woods”, “The Guernsey literary and Potato peel pie society”, “Mamma Mia! Here we go again” зэрэг кинонд ажиллаж, эл жагсаалтын зургаадугаар байранд эрэмблэгдэж байна.
5. Холливудын нас ахиж буй гоо үзэсгэлэнгүүдийн нэг Ребекка Фергусон “The Greatest Showman”, “Mission: Impossible-Fallout” зэрэг кинонуудад тоглосон амжилтаараа жагсаалтын дундуур бичигдлээ. Тэрбээр ирэх онд “Men in Black-4” бүтээлд ажиллана.
4. Кино сонирхогчид, үзэгчдийн хайртай жүжигчин Том Хардигийн энэ онд бүтээсэн ганц дүр нь л түүнийг жагсаалтын дөрөвдүгээр байрт оруулжээ. Тэрбээр киноны нийт ашиг орлого нь хэдийн 800 сая ам.доллар олсон, арваннэгдүгээр сарын топ кино “Venom”-ийн гол дүрийг амилуулсан.
3. “The Danish Girl” киногоор Оскарын шилдэг туслах дүрийн шагнал хүртсэн Алиса Викандер жагсаалтын гуравдугаар байрт оржээ. Тэрбээр энэ онд “Tomb Raider” киноны гол баатар судлаач, булш ухагч, үзэсгэлэнт эмэгтэйн дүрд тоглосон ч төдийлөн амжилттай болоогүй гэсэн зэмлэл кино шүүмжлэгчдээс хүртсэн. Гэлээ ч тэрбээр гуравдугаар байрт орсныг үзвэл “Tomb Raider” киноны шинэ хувилбар чамгүй амжилт олсныг илтгэж байна.
2. “Jurassic World: Fallen Kingdom” киноны гол дүр Брайс Даллас Ховард энэ жагсаалтын дэд байрт орлоо. Энэ онд нээлтээ хийсэн “Jurassic World: Fallen Kingdom” нийтдээ 1.4 тэрбум ам.долларын орлого олсон. Брайс Даллас Ховард ирэх оны уран бүтээлийн гэрээгээ хэдийн үзэглэсэн бөгөөд түүнийг Элтон Жоны намтар, уран бүтээлээр сэдэвчлэн бүтээж буй “Rocketman” кино хүлээж байна.
1. Эл жагсаалтыг “битүү морь” тэргүүлсэн гэхэд болно. “Avengers: Infinity War” кинонд Небулагийн дүрийг бүтээсэн Кэйрен Гиллен дээр дурдсан есөн алдартныг ардаа хаяж, Холливудын 2018 оны шилдэг жүжигчний жагсаалтыг тэргүүлжээ. Тэрбээр энэ онд “Avengers: Infinity War” киноноос гадна “Jumanji: Welcome to the Jungle” бүтээлд Мартагийн дүрд тоглосон бөгөөд ирэх жил дараагийн ангид нь ажиллах гэрээнд гарыг үсэг зурсан.

Холливудын 2018 оны шилдэг 10 жүжигчин | ||
Үзсэн: 1853 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.