Шууд Chart

Дроны тусламжтай экологийн эсрэг 43 хэрэг илрүүлжээ

2018-12-10 17:22:00

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэстэй хамтран ажиллаж байгаа билээ. Өмнө нь эл хамтын ажиллагааны хүрээнд тус хэлтэст хамгийн сүүлийн үеийн “Нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон)”-ийг 2017 онд техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг болгон хүлээлгэн өгч байсан билээ.         

Өнгөрсөн хугацаанд ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагч нар Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэг (Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг)-т тусгагдсан гэмт хэргийг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор  Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарын баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу Архангай, Баянхонгор, Булган, Дархан, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий, Өмнөговь, Өвөрхангай аймгийн нутагт ажилласан.

Ийн орон нутагт хяналт, шалгалтаар ажиллах үедээ “Нисгэгчгүй нисэх төхөөрөмж (Phantom4 Pro)”-ийг урьдчилан зураг авалт, бичлэг хийх, гэмт үйлдлийг баримтжуулах болон хэргийн газрын үзлэг явуулж ул мөрийг бэхжүүлэх зэргээр хэрэг шалгах ажиллагаанд ашигласан байна. Үүний үр дүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйл (Хууль бусаар ашигт малтмал олборлох)-д заасан гэмт хэрэг 33, 24.3 дугаар зүйл (Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах)-д заасан гэмт хэрэг хоёр, 24.5 дугаар зүйл (Хууль бусаар ан агнах)-д заасан гэмт хэрэг зургаа, 24.6 дугаар зүйл (Хууль бусаар мод бэлтгэх)-д заасан хэрэг хоёр, нийт 43 гэмт хэрэг, үйлдлийг илрүүлж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Мөн цаашид ч орон нутагт хяналт шалгалтаар ажиллах, хэргийн газрын үзлэг хийж ул мөрийг бэхжүүлэн авах ажиллагаанд “Нисгэгчгүй нисэх төхөөрөмж”-ийг ашиглахаар төлөвлөсөн аж. 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Дроны тусламжтай экологийн эсрэг 43 хэрэг илрүүлжээ  
Үзсэн: 1476 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй