
Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга Т.Гомбосүрэн амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн наймдугаар сард гарсан. Тэгвэл эл хэргийг прокурорын байгууллага хянаад шүүхэд шилжүүлсэн байна. Үүнтэй холбоотой өнөөдөр талийгаачийн аав болон өмгөөлөгчид эл хэргийн явц болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид шаардлага хүргүүлэх болсон талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Талийгаачийн аав Р.Төмөрхуяг "Би хүүгийнхээ 49 хоног дээр энэ хэргийн талаар мэдээлэл хийж байсан. Үүнээс хойш хоёр сар гаруйн хугацаа өнгөрлөө. Миний болон манай гэр бүлийн хувьд хүүгийнхээ ясыг өндөлзүүлж өнөөдөр хэвлэлийн бага хурал хийхээс өөр аргагүй байдалд хүрлээ. Энэ хугацаанд хэрэг үнэн зөв шийдэгдээсэй гэж хүссэн ч бодсоноор болсонгүй. Учир нь хууль хяналтын байгууллага мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэт явуулсангүй. Зарим нотлох баримт алга байна. Хэргийн материалыг бүрэн гүйцэт бүрдүүлэхгүй прокурорын байгууллагад шилжүүлсэн. Прокурор маш богино хугацаанд шалгаад бидэнд мэдэгдэлгүйгээр шүүхийн шатанд шилжүүлэхээр болсон. Яагаад хэргийг бүрэн гүйцэт шалгаагүй байж гэм буруутай этгээдийн зүйл ангийг буулгаж, хөнгөрүүлээд хам хэрэгт татагдаж байсан хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа юм бэ. Б.Махбалыг бүр анхны зүйл ангиар нь, хамгийн хөнгөнөөр нь шийдэх гээд байгааг бид ойлгохгүй байна.
Албан тушаалаас нь болж, санаатайгаар зориуд хүүгийн минь амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэж үзэж байсан. Одоо ч тэгж үзэж байгаа. Зам, тээврийн хөгжлийн дэд сайд асан Т.Цогтгэрэлийн хэвлэлд өгсөн ярилцлага ч үүнийг нотолдог. Миний хүү хуульч хүн. Би хүүдээ үнэнч, шударга ажиллаарай л гэж захидаг байсан. Бусад хүн манай хүүг үнэнч, шударга хүн гэж хэлдэг байсан. Үүнээс болж амиа алдлаа. Гэтэл энэ хэргийг хууль хяналтын байгууллага үнэн зөвөөр шийдэхгүй тоглоом болгоод өнгөрч байгаад маш их харамсаж байна. Үүнийг дээш нь зохих шатанд нь уламжилж үнэн зөвийг олохын тулд би чадах бүхнээ хийнэ.
Би Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид мэдэгдэл, хугацаатай шаардлага хүргүүлэх гэж байна. Ямар учраас энэ хэргийн зүйл ангийг хөнгөрүүлж байгаа юм бэ” гэсэн юм.
Хохирогчийн өмгөөлөгч н.Отгонбаатар “Цагдаагийн байгууллага энэ хэрэгт хавтаст хэрэг нээснээс хойш дөрвөн сар хоёр хоногийн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд прокурорын байгууллагаас зарим нэг шийдвэр гаргасан. Өмгөөлөгчдийн зүгээс зарим шийдвэрт гомдол хүсэлтээ гаргаж өгсөн. Өнөөдрийн байдлаар зарим гомдлын хариуг өгөөгүй байна” гэв.
З.Хүрэлсүх: Хэргийг шүүхэд шилжүүлэх болсон талаар өнөө өглөө мэдлээ
Хохирогчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх " Бид өнгөрсөн есдүгээр сарын 28-нд энэ хэргийн талаар олон нийтэд хүрсэн ташаа мэдээллийг залруулах зорилгоор хэвлэлийн бага хурал хийж байсан. Үүнээс хойших хугацаанд хэргийн материал прокурорын шатанд ирснийг шалгаад шүүхэд шилжүүлэх шийдвэр гарсан байна. Энэ талаар прокурорын хэвлэлд өгсөн ярилцлагаас өнөө өглөө олж мэдлээ. Мөр зэрэгцэн хамтран ажиллаж байсан өмгөөлөгч нөхрийнхөө хэргийг үнэн зөв шийдэгдээсэй хэмээн хүсэж, мөрдөн шалгах ажиллагаа дуусахыг тэвчээртэй хүлээлээ.
Энэ хэрэг олон нийтэд ил. Тийм нууц далд үйлдэгдээгүй. Харамсалтай нь мөрдөн шалгах ажиллагаа дууссан. Бидний хувьд энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааг нэмж явуулах гомдол хүсэлтээ гаргасан боловч хүлээж авалгүй, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тиймээс хохирогчийн ар гэрийнхэн олон нийтэд ахин мэдээлэл хүргэж байна. Бид мөрдөн шалгалтын баримт, мэдээллийг задруулах боломжгүй. Гэхдээ прокурорын байгууллага энэ хэрэгт хайнга хандаад байна уу даа гэсэн хардлага байна.
Эл хэрэгт ажил албан тушаалтай нь холбогдуулж талийгаачийн амь насыг нь хөнөөсөн гэх үндэслэл бий. Тиймээс өмгөөлөгч нар энэ нөхцөл байдлыг шалгуулах хүсэлт илгээсэн. Гэвч мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна гэсэн шалтгаанаар хүлээж аваагүй. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаа дуусахад, гомдол шийдээгүй шүүхэд шилжүүлсэн нь хэргийг шийдвэрлэх гэж хэт яарч, хохирогчийн эрхийг дахин хохироосон үйлдэл болж байна гэж үзэж байна” гэлээ.
Хэргийг эргэн сануулахад, Зам, тээврийн хөгжлийн яамны гадаа өнгөрсөн наймдугаар сарын 9-ний үдэш тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амиа алдсан. Хэргийн гол холбогдогч, тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал анхны мэдүүлэгтээ “Яамны гадна хүмүүс хоорондоо зодолдоод дуусаж байхад нь би гарсан. Талийгаачийг “босооч” гээд өшиглөсөн” гэдэг.
Р.Төмөрхуяг: Хууль хяналтын байгууллага тоглоом болгоод өнгөрч байгаад харамсаж байна | ||
Үзсэн: 1168 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.