Шууд Chart

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 10 газар

2018-12-11 15:12:23

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 10 газрын жагсаалтыг “Mojo.com” сайт гаргасан байна. Газрын “диваажин” хэмээн нэрлэж болохоор байгалийн үзэсгэлэнт эдгээр газрын заримыг хүмүүс мэднэ. Эдгээр нь дэлхийн сая, сая жуулчдын анхаарлыг ямагт татдаг юм. Харин зарим нь төдийлөн “нэрд” гараагүй ч байгалийн өвөрмөц тогтоц, үзэмж төгс төрхөөрөө гайхагддаг. Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 10 газрыг та бүхэнд танилцуулж байна.

10. Филиппин улсын “Палаван арал”

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй арлаар нэг бус удаа нэрлэгдэж байсан тус арал нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэлтэй байдаг юм.

9. Исланд улсын “Селяландсфос” хүрхрээ

Исландийн өмнөд эргийн дагуу байрладаг уг хүрхрээний усны ундарга нь “Ейяфятлайокул” галт уулын дэргэдээс эхтэй. “Селяландсфос” хүрхрээг ар талаас нь харвал улам үзэсгэлэнтэй харагддаг байна. Тэнд жуулчид зориулсан зам хүртэл байдаг аж.

8. Хорватийн “Плитвицийн нуурууд”

Тус хүрээлэн нь дэлхийн хамгийн гайхалтай үзэсгэлэнт газруудын тоонд зүй ёсоор багтдаг. Царс модон ой, шохойн чулуун хад, цэнгэг уснаас бүрдсэн энэхүү байгалийн үзэсгэлэнт газар нь Хорватын жуулчдыг татах гол үзвэрүүдийн нэг юм.

7. Португалийн “Алгар де Бенагил”

Энэхүү агуй нь Алгарве эргийн дагуу байрладаг бөгөөд Европын хамгийн гайхалтай агуйнуудын нэг. Агуйд орохын тулд далай талаасаа ус гаталдаг. Усан дээр ойсон нарны гэрэл ид шидийн гэмээр өнгө хувирлыг үүсгэдэг ажээ.

6. Ирланд улсын “Мохер”-ийн хавцал

Ирландийн жуулчдыг татдаг хамгийн чухал газрын нэг болох энэхүү хавцал Клэйр Каунтид байрладаг. Энэхүү хавцал нь 214 метр өндөртэй бөгөөд 20 гаруй төрлийн 30000 орчим шувуу энэ хавиар нутагшдаг байна.

5. Австрали улсын “Whitehaven” наран шарлагын газар

Австралийн Whitsunday арал дахь “Whitehaven” наран шарлагын газар дэлхийн үзэсгэлэнт газрын нэгээр нэрлэгдэх нь дамжиггүй. Энд ус нь цэнхэр, цагаан өнгөөр сүлэлдэн харагддаг.

4. АНУ-ын Аризона мужид байрлах “Антелоп Каньон”

Элсэн чулуунаас бүрдэх энэхүү үзэсгэлэнт газар нь гал асаж буй мэт дүр зургийг харагдуулдаг байна.

3. Аргентин, Бразил улсын хил дээр байрлах “Игуазу”-ийн хүрхрээ

Жижиг хүрхрээнүүдээс бүрдсэн энэхүү байгалийн өвөрмөц тогтоц нь дэлхийн хамгийн үзэсгэлэнт газруудын нэг мөн билээ. 3 км орчим үргэлжлэх олон хүрхрээнээс гарах гайхалтай дуу чимээ, харагдах байдал зэрэг нь дэргэдээс харсан жуулчдад мартагдахааргүй дурсамж болон үлдэх нь лавтай.

2. Канадын “Морэйн” нуур

“Морэйн” нуур нь түүний дэргэд орших “Луиз” нуураас жижигхэн ч байгалийн бүтэц, харагдах байдлаараа илүү гайхалтай юм. Гүн цэнхэр өнгөтэй энэхүү нуур нь өндөр уулсын дунд оршдог бөгөөд усан дээр туссан байгалийн тусгал зураг мэт харагдана.

1. Болив улсын “Салар де Уюни”

Давсаар бүрхэгдсэн энэ тал нь нийт 10582 км2 талбайг бүрхдэг байна. Цагаан давсаар бүрхэгдсэн тал газар нь орчныхоо байгалийг толь мэт тусгаж өгдөг нь үнэхээр гайхалтай юм. 

Нийтэлсэн: А.Баянмөнх

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 10 газар  
Үзсэн: 8765 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-02-10 13:36
үнэхээр гоё газар байна
Гайх [127.0.0.xxx] 2020-01-10 22:11
waaw vnxeer noe ymaa

Бидэнтэй нэгдээрэй