Шууд Chart

Шүүхийн шийдвэр гүйцэтгэхэд саад учруулсан Засаг даргад торгох ял оногдуулжээ

2018-12-12 09:36:56

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Х.Хайвд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу энэ сарын 7-ны өдөр хянан хэлэлцжээ.

Х.Хайв нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргаар ажиллаж байхдаа иргэн С-ыг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалд эгүүлэн томилж, уг албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Ж-ыг ажлаас чөлөөлөх тухай захирамж гаргасан хэдий ч дээрх захирамжийг С-д мэдэгдэж танилцуулахгүй нуун дарагдуулж, түүнийг шалтгаангүйгээр 16 хоног ажил тасалж, сахилгын ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан захирамж гарган шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг өнгөрсөн наймдугаар сарын 1-ний өдөр хянан хэлэлцээд Х.Хайвыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулсан, зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван сая төгрөгөөр торгох ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм.

 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.   

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэхэд саад учруулсан Засаг даргад торгох ял оногдуулжээ  
Үзсэн: 584 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй