
Монгол орны ховор ургамлын улаан данс ба хамгааллын арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, нэн ховор, ховор ургамлын жагсаалт шинэчлэх хэлэлцүүлгийг БОАЖЯ, ургамал судлалын үе үеийн үндэсний судлаач, эрдэмтэдтэй хамтран зохион байгууллаа.
Монгол Улсын Засгийн газар Нэгдсэн үндэстний байгууллагын суурь конвенцийн нэг болох Биологийн олон янз байдлын конвенцид 1993 онд гишүүнээр элсэн орсноор дэлхий нийтээр биологийн олон янз байдлыг хамгаалах үйл ажиллагаанд Монгол орон хамтран оролцох боломж нээгдсэн байдаг.
Монгол орны биологийн олон янз байдлын нэгэн бүрэлдэхүүн болсон ургамлын аймгийг хамгаалах цогц үйл ажиллагааны нэг бол тэдгээрийг олон улсын арга, аргачлалын дагуу бодитоор үнэлж, хамгаалах арга хэмжээг үндэсний болон олон улсын төвшинд зохион байгуулах үйл явц мөн. Иймээс Монгол орны ургамлын 3163 зүйлийг Дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны шалгуураар үнэлэх нөр их ажил Монгол улсын засгийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын яам, эрдэм шинжилгээний байгууллага, төрийн бус байгууллага, эрдэмтэн, судлаачдын өмнө тавигдаад байна.
Байгаль орчин аялал жуулчлалын яам болон Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг, Степ Форвард хөтөлбөрийн санхүүжилтээр МУИС, ШУА, МУБИС, Хустайн БЦГ, ХААИС, Монголын шувуу судлалын нийгэмлэг зэрэг төрийн болон төрийн бус байгууллууд Монгол орны биологийн олон янз байдлын мэдээллийн сангийн 2011 оны 10 сарын дөрөв дэх хэлэлцүүлгээр “Нэн ховор” зэрэглэлд багтсан 150 зүйлийг Дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны шалгуурыг ашиглан үнэлсэн. Энэхүү ажлыг 2018 онд үргэлжлүүлэн гүйцэтгэж, 537 зүйл ургамлыг Дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны шалгуураар үнэлж Байгалийн ургамлын тухай хууль болон Монгол улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан ховор ургамлын жагсаалтад өөрчлөлт оруулжээ. Энэ нь монгол орны ургамал хамгааллын бодлого шинжлэх ухааны үндэслэлтэй явж буйг илтгэх нэг үзүүлэлт болж байна.

Ховор ургамлын жагсаалтад өөрчлөлт оруулжээ | ||
Үзсэн: 1951 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.