Шууд Chart

С.Ариунболд: Түргэний эмэгтэй эмч нар халдлагад өртөх эрсдэлтэй байна

2018-12-12 15:18:38

Энэ сарын 11-нд 103 утсанд ирсэн дуудлагын дагуу ажил үүргээ гүйцэтгэж явсан эмчийн биед халдаж, гэмтэл учруулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ асуудлаар Нийслэлийн түргэн тусламжийн төвийн удирдлага хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Энэ үеэр Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дэд захирал C.Ариунболд “Энэ сарын 11-ний 01:00 цагийн орчимд болсон түргэн тусламжийн эмчид тохиолдсон асуудал өчигдөр хэвлэл мэдээллээр гарсан. Албан ёсны мэдээллийг өгөхийг хүслээ. Тухайн үед иргэн 103 утсанд дуудлага өгсөн. Өвчтөнийг хүлээлгэлгүйгээр цаг тухайд нь эмчийг томилж явуулсан. Эмч тухайн айлд очоод Монгол Улсад мөрдөгддөг стандарт, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн байгууллагын үйл ажиллагааны журмыг баримтлан өвчтөнд үзлэг хийсэн. Үзлэг хийхдээ бодит үзлэг болон эмчийн багажийн шинжилгээгээр хавсарч үзлэг хийдэг. Мөн эмч шинжилгээг баталгаажуулах зорилгоор эмнэлэгт тээвэрлэх саналыг тухайн нөхцөлд тавьсан байгаа. Эрүүл мэндийн сайдын болон Эрүүл мэндийн газрын даргын тушаалын дагуу үйлчлүүлэгчийг хаягаар нь эмнэлэгт хүргэж өгдөг. Энэ дуудлагад бол үйлчлүүлэгчийг ачтан эмчид хүлээлгэж өгөх шаардлага гарсан.

            Үүнээс гадна үйлчлүүлэгчийн бичиг баримтыг үзэх үед ар гэр нь буюу нөхөр нь согтуу манай эмчийг хэл амаар доромжилсон. Бичиг баримтыг нь үзүүлэхгүй гэсэн. Эмч нар үйлчлүүлэгчийн биеийн байдлыг шинжлээд эмнэлэгт хүргэж өгөхдөө өвчтөний бичиг баримтыг заавал харах шаардлагатай. Түүнчлэн нөхөр нь өвчтөнийг эмнэлэг рүү авч явах үед саад хийхийг оролдсон. Дуудлагаар эмэгтэй эмч очсон. Үйлчлүүлэгчийг хувцаслаад өвчтөн тээвэрлэх журмын дагуу түргэн тусламжийн автомашины арын хэсэгт хамт явсан. Тухайн өвчтөн хэвлийн хэсгээрээ өвдсөн учир хэвтүүлж тээвэрлэх боломжгүй. Гэтэл эмнэлэг явах замд түргэний машины араас өөр машин хүчтэй мөргөсөн. Үүнээс үүдэн өвчтөн толгойгоороо машины урд хэсгийг мөргөхөд нь гэмтээхээс нь урьдчилан сэргийлж хамгаалахдаа эмч гараа гэмтээсэн. Энэ ослоос болж түргэн тусламжийн машин цааш явах боломжгүй болсон. Замд явсан хувийн машинаар өвчтөнийг ачтан эмнэлэгт хүлээлгэж өгөөд буцаж ирэх үед үйлчлүүлэгчийн нөхөр ахин хэл амаар доромжилсон.

            Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид ослын газарт ажиллаж, хэмжилт хийсэн. Өвчтөний нөхрийн согтолтын зэргийг тогтоох байцаалт авах ажиллагаа Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст болсон. Энэ үеэр өвчтөний нөхөр эмчийг ахин доромжилж, биед нь хүрэх, түлхэх үйлдэл гаргасан байгаа юм.

Өнөөдөр мэдээлэл хийж байгаа гол зорилго нь эмч, эмнэлгийн ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэж явахдаа согтуу болон янз бүрийн авиртай улсын халдлагад өртөх эрсдэлтэй байна. Сүүлийн зургаан сарын хугацаанд тодруулбал өнгөрсөн найм болон аравдугаар сард эмч нарыг ажил үүргээ гүйцэтгэж байхад нь орж ирж дайрах, цохих, зодох асуудал гарсан. Одоо прокурорын шатанд шалгагдаж байгаа. Тиймээс цаашид ажлаа хийж буй эмч эмнэлгийн ажилтнуудын биед хүрэх, хэл амаар доромжлох муухай жишиг тогтох вий. Мөн өнөөдөр өвдчихсөн гэртээ эмчлүүлж буй эмчийг утсаар заналхийлэх, шүүх эмнэлгээр гэмтлийн зэргээ тодорхойлуулах, байцаалт өгөх үед эрүүл мэндийн тусламж үзүүлсэн өвчтөний нөхрөөс доромжлох, заналхийлэх үйлдэл гарч байна. Өвчтөний нөхөр үнэхээр гомдолтой байгаа бол хүч хэрэглэх бус холбогдох байгууллагад хандаж шийдүүлж болоогүй юм бэ. Эмч зүй бусын шаардлага тавиагүй. Бичиг баримтыг нь үзэх шаардлага тавихад уурласан байсан.

Манай эмч нарын 70 орчим хувь нь эмэгтэй. Гэтэл ийм согтуу хүнтэй айлд дуудлагаар очоод халдлагад өртөх эрсдэл байна. Эмч нар ажлаа хийж явсныхаа төлөө доромжлуулж, халдлагад өртөж байна. Тиймээс иргэд энэ мэт тохиолдолд тайван хүндэтгэлтэй хандаарай” гэлээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

С.Ариунболд: Түргэний эмэгтэй эмч нар халдлагад өртөх эрсдэлтэй байна  
Үзсэн: 2102 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй