Нийслэлийн прокурорын газраас энэ онд Прокурорын байгууллагаас дэвшүүлсэн зорилтуудын хүрээнд бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт, гэмт хэрэг үйлдэгдэж буй шалтгаан нөхцөл, шийдвэрлэлтийн байдлыг Нийслэлийн дүүргүүдийн хэмжээнд өмнөх оны сүүлийн хагас жил, 2018 оны эхний 10 сарын байдлаар судалж, дүнг нэгтгэлээ. Өнгөрсөн хугацаанд прокурор Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан “Бага насны хүүхдийг хүчиндэх”, 12.3 дугаар зүйл “Бага насны хүүхдийг бусадтай бэлгийн харьцаанд албадан оруулах”, 12.2 дугаар зүйл “Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан”, 11.7 дугаар зүйл “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн талаарх 128 гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласнаас 96 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгуулж, үүнээс 70 орчим хувийг шийдвэрлэсэн байна.
Судалгааны дүнгээс үзвэл энэ төрлийн гэмт хэрэг урьд оныхоос 51 хувиар, тэр дундаа Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг 70 орчим хувиар эрс өссөн байгаа нь яахын аргагүй анхаарал татаж байна.
Дээрх гэмт хэрэг үйлдсэн 31 хүний хувьд дийлэнх буюу 77 хувийг 18-40 насны бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй эрэгтэйчүүл эзэлж байгаагийн 32 хувь нь урьд гэмт хэрэг үйлдэн, шүүхээр ял шийтгүүлж байсан этгээдүүд байна.
Шүүхээс дээрх хүмүүст бүгдэд нь хорих ял оногдуулсны 32 хувьд нь 10-аас дээш 15 жил хүртэл, 23 хувьд 15-аас дээш жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байдлаас харахад, Шүүх, Прокурорын байгууллагаас Бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд оногдуулах ялын бодлогыг чанга барьж, энэ гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг тууштай явуулж байгаагийн нэгэн илрэл гэж үзэхээр байна.
Мөн шүүхээс зөвхөн хорих ял оногдуулахаас гадна Эрүүгийн хуульд заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох, зан үйлээ засах сэтгэл зүйн сургалтанд хамрагдах, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг давхар авчээ.
Энэ төрлийн гэмт хэрэг гарахад нөлөөлж буй шалтгаан нөхцөлийг судалж үзвэл, эцэг, эхийн зүгээс бага насны хүүхдэд тавих хараа хяналт сул, хүүхдийг хараа хяналтгүй хашаа байшиндаа, эсхүл айлд орхин явдаг, хойд эцэгт нь үлдээн явсан хойгуур ёс бус үйлдэл гаргасан, бага насны хохирогчийн оюуны хомсдолтой байдлыг далимдуулан хэрэг үйлддэг, мөн өнөөгийн нийгэмд газар авч буй архидан согтуурал, ажилгүйдэл, нөгөөтэйгүүр ялангуяа хотын захын дүүрэг, гэр хорооллын ойр орчмын сургуулийн захиргаа, боловсролын байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хууль хяналтын байгууллагатай хамтын ажиллагаа дутмаг, энэ чиглэлээр дорвитой арга хэмжээг авч ажилладаггүйтэй холбоотой байна.
Нийслэлийн дүүргийн прокурорын газрууд нь ялангуяа бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хүрээнд харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэргийн гаралтын байдлыг судалж, урьдчилан сэргийлэх зорилгоор прокурорын мэдэгдэл бичих, хууль тогтоомжийг таниулан сурталчлах чиглэлээр сургалт, яриа таниулга хийх, харьяа байгууллагуудтай хамтарч тулгамдсан асуудлыг зөвлөлдөж шийдвэрлэх зэргээр цөөнгүй ажлуудыг санаачлан явуулж байгаагийн заримаас дурдвал:
Хан-Уул дүүргийн прокурорын газраас хагас жилд харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд Бага насны хүүхдийн эсрэг болон Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөлийг сүүлийн 2-3 жилийн байдлаар судалж, дүнг үндэслэн дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Шүүх, Цагдаагийн хэлтсүүд, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран дүүргийнхээ хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх ерөнхий боловсролын сургуулиудын захирал, хороодын засаг дарга нарыг болон олон нийтийн төлөөллийг оролцуулан, нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулж, зөвлөгөөнөөс зөвлөмж гарган, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас дүүргийн Засаг даргын тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран хүүхдийг гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор 28 хороодын Засаг дарга нарыг оролцуулж “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” чиглэлээр сургалт явуулахаас гадна томоохон аж ахуй нэгж, байгууллагуудын дунд “Гэмт хэрэг, зөрчилгүй хамт олон" аяныг өрнүүлж, эрх нь зөрчигдөж байгаа хүүхдийн эрх ашгийг хамгаалахад анхаарч ажиллаж байна. Мөн дүүргийн прокурорын газруудад насанд хүрээгүй хүн хохирсон, холбогдсон болон гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэргүүдэд хяналт тавих прокуроруудыг дагнан ажиллуулснаар хяналт тавьсан хэргүүдийн 70 орчим хувийг шийдвэрлээд байна.
Судалгааны дүнг 2018 оны энэ сарын 11-ний өдөр Нийслэлийн ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцээд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг сайжруулах, гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд анхаарах асуудлын талаар холбогдох газруудад хандахын зэрэгцээ Нийслэлийн ерөнхий прокуророос Нийслэлийн дүүргүүдийн хэмжээнд мөрдөн шалгах ажиллагаанд байгаа Бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргүүдэд онцгой анхаарч, шуурхай шалгаж шийдвэрлэх үүргийг Дүүргийн прокурорын газруудад өгчээ.
Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг 70 орчим хувиар эрс өссөн | ||
Үзсэн: 1253 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.