
Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотын төв хэсэгт оршдог “Үндсэн хуулийн ордон”-д энэ сарын 13-нд зохиолч Д.Төрмөнхийн “номын хурим” болов. Тодруулбал зохиолчийн “Миний мэдэх Ерөнхийлөгч Х.Баттулга” бүтээлийг Энэтхэгийн “Харананад буукс пабликэшнс” хэвлэлийн газар англи хэлнээ хөрвүүлж, хэвлэснээ олон нийтэд толилуулсан юм байна.
Тус улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам “Дели хотын судлаачдын бүлэг”, “Монголын анд нөхөд” зэрэг төрийн бус байгуулагатай хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд Энэтхэг улсын парламентын гишүүд, төр, засгийн газрын байгууллагууд, урлаг, соёл, бизнесийн салбарын төлөөлөл, Монгол Улстай ажил хэргийн холбоотой, талархан дэмждэг, элгэмсүү дотно ханддаг олон хүн хуран цугласны дотор Энэтхэгийн парламентад байгуулагдсан Энэтхэг, Монголын найрамдлын бүлгийн тэргүүн Р.Л.Катария, эл бүлгийн гишүүд, “Дели хотын судлаачдын бүлэг”-ийн ерөнхийлөгч В.Жолли, Дели хотын мэр Н.Чаули, “Харананад буукс пабликэшнс” хэвлэлийн газрын эзэн Н.Кумар, “Индиа Эмпайр” сэтгүүлийн эрхлэгч С.Чакарборти, Монгол судлаач др. Ш.Сони зэрэг олны танил эрхэм мялаалгын үг хэлж, дээрх номын талаар болон Монгол орон, монголчууд, Энэтхэг, Монголын найрсаг харилцаа, олон талт хамтын ажиллагааны талаар дотно сэтгэлээ хуваалцаж халуун мэндчилгээ дэвшүүлэв.
Мөн эдийн засаг нь хурдтай хөгжиж байгаа, тэрбум илүү хүн амтай, Энэтхэг улс ардчилсан Монгол Улстай төрийн тэргүүнээр нь дамжуулан уламбүр ойртон дотно танилцах боломжийг зохиолч Д.Төрмөнхийн “Миний мэдэх Ерөнхийлөгч Х.Баттулга “ном олгож байгааг тэд дурдаж англи хэлээр уншигчдын хүрээнд энэ ном эрэлт ихтэй байх болно гэдгийг цохон тэмдэглэв.
Энэхүү ёслолын арга хэмжээний үеэр мөн “Миний мэдэх Ерөнхийлөгч Х.Баттулга” номын гэрэл зургаар бэсрэг үзэсгэлэн дэлгэсэн юм байна.

“Миний мэдэх Ерөнхийлөгч Х.Баттулга” ном англи хэлээр хэвлэгдлээ | ||
Үзсэн: 821 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.