
Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн дэлхийн цувралын энэ оны төгсгөлийн тэмцээн урд хөршийн Гуанжоу хотноо зохион байгуулагдлаа. Жин тус бүрийн шилдэг 16 жүдоч хүч үздэг дэлхийн мастеруудын эл тулаанд 53 орны 118 эрэгтэй, 116 эмэгтэй, нийт 234 жүдоч оролцсон. Үүнээс ОУХМ Л.Отгонбаатар мөнгө, гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Д.Алтансүх нар хүрэл медаль хүртлээ.
Тухайлбал, эрэгтэйчүүдийн -60 кг-д ХХЕГ-ын “Хилчин” спорт хорооны тамирчин Монгол Улсын гавьяат тамирчин Д.Амартүвшин “В” хэсгийг тэргүүлэн барилдсан. Эхний тойрогтоо олимп, дэлхийн хүрэл, энэ оны Азийн наадмын аварга Узбекистаны Диёрбек Урозбоевтой учраа таарсан ч өрсөлдөгч нь жингээ тааруулж чадаагүй тул тэмцээнээс хасагджээ. Ийн Д.Амартүвшин гавьяат шууд хэсгийн аваргын төлөө ОХУ-ын Алберт Огузовтой учраа таарсан. Манай жүдоч Алберт Огузовыг 50 секундэд цэвэр ялж, улмаар хагас шигшээд Гүржийн Амиран Папиниашвилитэй хүч үзэн нэмэлт цагт ялагдсан. Д.Амартүвшин гавьяат хүрэл медалийн төлөөх барилдаанд Бразилийн Эрик Такабатакег хутгах мэхээрээ ялж, “Мастерс”-аас гурав дахь, IJF-ийн дэлхийн цувралаас 11 дэх хүрэл медалиа хүртлээ.
Харин -66 кг-д зодоглосон ОУХМ Д.Алтансүх эхний тойрогтоо “Баку-2018” ДАШТ-ий мөнгөн медальт Казахстаны Ерлан Серикжановтой хүч үзэж цэвэр ялсан. Улмаар хэсгийн аваргын төлөө Бразилийн Даниэль Каргнинд нэмэлт цагт торгуулиар ялагдсан юм. Д.Алтансүх дагах барилдаанд олимпын тусгай байрын шагналт Словений Адриан Гомбочыг вазари үнэлгээгээр, хүрэлийн төлөө өнгөрсөн оны “Мастерс”-ийн мөнгөн медальт Казахстаны Елдос Жумакановыг цэвэр ялж, медалийн тавцанд гарлаа.
Тэрбээр энэ онд дараалан таван тэмцээнд тавдугаар байр эзлэсэн бөгөөд "Мастерс"-д өндөр амжилт гаргадаг -66 жингийнхний медалийн буухиаг үргэлжлүүлж чадсан юм.
Тэмцээний сүүлийн өдөр Монголын хүнд жингийн бөхчүүдээс -100 кг-ын жинд ШШГЕГ-ын "Сүлд" спорт хороо, "Империал гоулд майнинг" компанийн тамирчин ОУХМ Л.Отгонбаатар мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогт "Баку-2018" ДАШТ-ий хүрэл медальт ОХУ-ын Нияз Илясовыг торгуулиар, хэсгийн аваргын төлөө Азийн наадмын аварга Кентаро Ийдаг вазаригаар, хагас шигшээд Египтийн Рамадан Дарвишийг нэмэлт цагт вазаригаар буулгаж авчээ. Харамсалтай нь Л.Отгонбаатар хэсгийн аваргын төлөөх барилдаанд хавиргандаа бэртэл авснаар финалд барилдах боломжгүй болжээ. Тэрбээр хагас шигшээд бэртэлтэй барилдсан ч тамирчин хүний тэсвэр тэвчээрийг харуулж, ялалт байгуулсан юм.



Жүдочид нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ | ||
Үзсэн: 668 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.