Шууд Chart

Хулгай, дээрэм, залилангийн хэргийг илрүүлжээ

2018-12-17 18:22:15

Шинэ жилийн баярын үеэр үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр болон олон үйлдэлтэй хулгай, дээрмийн гэмт хэргийг илрүүлсэн талаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Болдбаатар "Нийслэл хотын хэмжээнд энэ оны оны эхний 11 сарын байдлаар 98 мянга гаруй хэрэг бүртгэгдсэн. Үүний 47 мянга орчим хувь нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй гомдол байна.

Сүүлийн үед автомашины өвлийн дугуйн хулгайн хэрэг нэлээд гарсан. Дээрх гэмт хэргийг Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж, бүлэг этгээдийг илрүүлсэн. 19-24 насны дөрвөн иргэн үйлдсэн байсан. Нийтдээ 25 удаагийн үйлдэлтэй 100 дугуй хулгайлж, фэйсбүүкээр зар тавьж борлуулдаг нь тогтоогдсон.  

Мөн иргэн “Т” 9911, 8811 дугаартай хэрэглэгчид рүү таньдаг хүнээс нь зурвас, чат бичиж, 60 гаруй удаагийн үйлдлээр залилангийн гэмт хэрэг үйлдсэн. Түүнийг шалгаж байх явцад оргон зайлж, дахин 25 үйлдлээр иргэдийг хохируулсан хэргийг шалгаж байна.   

Үүнээс гадна шинэ жилээ тэмдэглээд гэр рүүгээ харьж буй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэдийн эд зүйлийг хулгайлж, дээрэмдсэн бүлэг этгээдийг саатуулан шалгаж байна" гэлээ. Тиймээс шинэ жилийн баяраар архи согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэхийг цагдаагийн байгууллагаас уриалав.

Дараагаар нь ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү Хөдөө орон нутгаар олон улсын байгууллагын нэрийг барьж иргэдийг залилах хэрэг гарсан. Тодруулбал, Дорноговь, Сэлэнгэ аймагт Японы ЖАЙКА олон улсын байгууллагын нэрийг барьж, “хөнгөлөлттэй зээл олгоно” хэмээн урьдчилан хураамж авч залилсан байна. ЖАЙКА олон улсын байгууллагын зүгээс ямар нэгэн байдлаар хөтөлбөр хэрэгжүүлэхдээ иргэнээс мөнгө, бүртгэлийн хураамж авдаггүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн” гэв.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хулгай, дээрэм, залилангийн хэргийг илрүүлжээ  
Үзсэн: 842 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй