Шууд Chart

Онц хүнд хэргийг прокурор 20 жилийн дараа илрүүлж, шүүхээр шийдүүлэв

2018-12-18 09:28:53

Одоогоос 20 жилийн өмнө гарсан хүн амины хэргийг прокурор хяналтаараа илрүүлжээ. 1998 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн зургаадугаар хороо 21 дүгээр байрны 56 тоотод иргэн Б нь бусдад 49 удаа хутгалуулж, нас барсан хэрэг гарсан. Эл хэрэгт 1998 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан боловч гэмт хэрэг үйлдсэн эзэн холбогдогч тогтоогдоогүй үндэслэлээр хэргийг түдгэлзүүлсэн байдаг.

Тэгвэл Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ням-Очир нь Мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн эрүүгийн хэргүүдийг Цагдаагийн хэлтсүүдээс татаж хянахдаа дээрх хэргийн ажиллагааг  сэргээж, "тухайн үед хэргийн газраас бэхжүүлэн авсан 19 ширхэг гарын мөрөнд дахин дүгнэлт гаргуулах” тухай даалгавар бичиж хүргүүлсэн байна. Даалгаврын дагуу дүгнэлт гаргуулахад нэг ширхэг мөр нь А.Н гэгчийн баруун гарын эрхийн хурууны дардастай тохирсон тул хяналтын прокурор Н.Ням-Очир хэргийн газраас бэхжүүлсэн зарим эд мөрийн баримтуудаар харьцуулсан дүгнэлт гаргуулах тухай даалгавар бичиж, дүгнэлт гаргуулжээ.

Эл дүгнэлтээр дээрх гэмт хэргийг урьд зургаан удаагийн ял шийтгэлтэй А.Н үйлдсэн байх боломжтой нөхцөл байдал тогтоогдсон тул 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна.  Мөрдөн байцаалтын ажиллагааг Нийслэлийн цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн II хэлтсийн хамтарсан ажлын хэсэг явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар гэмт хэргийг А.Н үйлдсэн болох нь тогтоогдож, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ням-Очир өнгөрсөн сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр эл хэргийг хянан хэлэлцээд А.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 19 жил 11 сар 13 хоног хорих ялыг хаалттай дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. А.Н нь дээрх хүн амины хэргийг үйлдсэнээс хойш дөрвөн  удаа гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлж байсан болох нь тогтоогджээ. Ийнхүү олон жил илрээгүй байсан онц хүнд хэргийг прокурор хяналтаараа илрүүлж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Онц хүнд хэргийг прокурор 20 жилийн дараа илрүүлж, шүүхээр шийдүүлэв  
Үзсэн: 630 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2018-12-18 09:51
прокурор сайн ажилласан байна

Бидэнтэй нэгдээрэй