Шууд Chart

Хан-Уул дүүргийн есдүгээр хороо “Нэг цэгийн жишиг үйлчилгээний төв”-тэй боллоо

2018-12-18 16:25:52

“Тохижилт, төрийн үйлчилгээг сайжруулах жил”-ийн хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн нэгдүгээр сард “Нэг цэгийн үйлчилгээний жишиг төв”-өө Иргэдэд үйлчлэх төв байрны нэгдүгээр давхарт шинэчлэн нээсэн.

Харин өнөөдөр Хан-Уул дүүргийн есдүгээр хорооны байранд “Нэг цэгийн жишиг үйлчилгээний төв”-ийг нээлээ. Нэг цэгийн жишиг үйлчилгээний төв нээгдсэнээр тус хорооны иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авч, цаг хугацаа, зардлаа хэмнэн, төрийн олон төрлийн үйлчилгээг нэг дороос хурдан шуурхай авах шинэ боломж нээгдэж байгаа аж.

Тус хороо нь 9162 хүн амтай, 100 хувь гэр хорооллын өрхөөс бүрддэг бөгөөд иргэд хөдөлмөр халамжийн үйлчилгээ, улсын бүртгэлийн үйлчилгээг хорооныхоо байрнаас авч, дүүрэг рүү явах шаардлагагүй болж байна. Мөн иргэдэд зориулсан цахим ухаалаг самбар байршуулж иргэд төрийн үйлчилгээ авахад шаардагдах баримтын жагсаалтыг шууд удирдан хэвлэн авч, төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, авах боломжтой боллоо.

9 horoo4

Үүнээс гадна хүчирхийлэлд өртсөн иргэдийг хүлээн авах уулзалтын тусгай өрөөтэй болсон байна. Тус өрөөнд хүчирхийлэлд өртсөн иргэнтэй ганцаарчлан уулзаж, хамтарсан багтай холбон зуучлах үйлчилгээг үзүүлж эхэлжээ. Эхний ээлжинд гэр хорооллын хамгийн олон хүн амтай гурван хороог сонгож "Нэг цэгийн жишиг үйлчилгээний төв" байгуулах ажлыг эхлүүлээд байна. Цаашид Хан-Уул дүүргийн 16 хороодод “Нэг цэгийн жишиг үйлчилгээний төв”-ийг 2019 онд багтаан нээнэ хэмээн Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан онцлон хэллээ. 

Мөн энэ өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн санаачлагаар есдүгээр хорооны зорилтот бүлгийн хоёр өрхөд өргөө цагаан гэр бэлэглэж, батламж гардууллаа.

Бага насны хүүхэдтэй ганц бие хүмүүст хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал, орлогын эх үүсвэр багатай, олсон орлого нь гэр бүлийн хэрэгцээнд хүрэлцдэггүй нь хүүхдээ эрүүл өсгөн бойжуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулахад бэрхшээлтэй байдаг. Иймд тус хорооны  иргэд болох Б.Үүрийнтуяа, А.Отгонгэрэл нарт таван ханатай өргөө цагаан гэрийг албан ёсоор хүлээлгэн өглөө. 

Иргэн Б.Үүрийнтуяа нь 1-10 насны дөрвөн хүүхэдтэй эрхэлсэн ажилгүй. Нөхөр нь ажил хийдэг ч айлын хашаа, гэр түрээслэн амьдарч ирсэн. Мөн тус хорооны иргэн А.Отгонгэрэл нь 0-5 насны хоёр хүүхэдтэй өрх толгойлсон хөгжлийн бэрхшээлтэй иргэн бөгөөд өөрийн гэсэн орон гэргүй, олон жил айлын хашаанд хамаатан садангийнхаа хамт түрээсийн гэрт амьдарч байсан аж.





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хан-Уул дүүргийн есдүгээр хороо “Нэг цэгийн жишиг үйлчилгээний төв”-тэй боллоо  
Үзсэн: 996 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй