Шууд Chart

Зэвсэгт дээрэм үйлдсэн хэргийг хянан хэлэлцлээ

2018-12-20 13:08:21

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Н.Ариунгэрэл, Б.Насандэлгэр, Л.Алтанхуяг, М.Амартүвшин, Д.Алтангадас, Н.Билэгбаатар, С.Галбадрах нарт холбогдох хэргийг шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өчигдөр хянан хэлэлцлээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг өнгөрсөн зургаадугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд Н.Ариунгэрэл, Л.Алтанхуяг, М.Амартүвшин, Н.Билэгбаатар, С.Галбадрах, Б.Насандэлгэр нарыг бусадтай бүлэглэж, зэвсэг хэрэглэж, дээрэмдсэн, М.Амартүвшин, Д.Алтангадас нарыг бүлэглэн цагдаагийн алба хаагчийг үүргээ гүйцэтгэж байхад нь зэвсэг хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн, Л.Алтанхуягийг байлдааны зориулалттай галт хэрэгслийг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн, Н.Билэгбаатарыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцжээ.

Анхан шатны шүүх Н.Ариунгэрэл, Л.Алтанхуяг нарт 8 жил, М.Амартүвшинд 7 жил, Н.Билэгбаатарт 11 жил хоёр сар, Б.Насандэлгэр, С.Галбадрах нарт тус бүр 6 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад, Д.Алтангадаст нэг жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас анхан болон давж заалдах шатны шүүх Л.Алтанхуягийг байлдааны зориулалттай галт хэрэгслийг хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй хэмээн хэрэгсэхгүй болгож, түүнд оногдуулах ялыг долоон жилээр тогтоож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Эл хэргийг эргэн сануулахад, одоогоос хоёр жил гаруйн өмнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Элит” хотхонд орон сууц түрээслэн мөрийтэй тоглож байсан нөхдийг зэвсэглэсэн этгээдүүд дээрэмдсэн хэрэг гарч, олон нийтийг цочирдуулсан билээ. Тухайн үед гэмт этгээдүүд буу, хутгаар зэвсэглэж тоглоомчдын мөрийнд тавьсан 1.2 кг алт, 45 сая төгрөг, 2000 ам.доллар нийтдээ 57.4 сая төгрөгийн эд зүйл дээрэмдсэн байдаг.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Зэвсэгт дээрэм үйлдсэн хэргийг хянан хэлэлцлээ   
Үзсэн: 952 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй